Бөмбөгөр ногооны түүхийг өгүүлэх бүтээлүүд уншигчдын хүртээл болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-05-22 17:00:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Бадрангуй урлаг” ТББ-аас эрхлэн гаргасан "Бөмбөгөр ногооны Мушгиа", "Алтан үе-Бөмбөгөр ногооныхон" ном  уншигчдын хүртээл боллоо.

Тус хоёр номын нээлт өнөөдөр Монголын театрын музейд болов.

Бөмбөгөр ногоон, Бөмбөгөр ногооныхон гэдэг нэршил Монголын түүхнээ бичигдсэн тэр хугацаа бол өнгөрсөн XX зууны 20-иод оны сүүлч үед хамаардаг. Тодруулбал, Ардын цэнгэлдэх хүрээлэн буюу Бөмбөгөр ногоон театр 1927 оны долдугаар сарын 9-нд үзвэрийн нээлтээ хийсэн түүхтэй. Үүний дараа Монголд 1930 онд Ардын гэгээрүүлэх яаманд сургагчаар ирсэн Зөвлөлтийн мэргэжилтэн А.Ефремов, Ардын цэнгэлдэх хүрээлэнгийн дарга Ц.Гомбожав нартай хамтран Монголд театр байгуулах үйлсэд хүчин зүтгэхдээ ажлаа театрын нэг жилийн түр сургууль байгуулж, нийслэлийн сургууль, албан газраар яван 20 орчим охид, хөвгүүдийг сонгон хичээллүүлснээр эхэлжээ. Суралцагчдад театр, урлагийн түүх, жүжигчний уран чадвар, монгол бичиг, тоо бодлого зэрэг хичээл зааж, Ц.Гомбожав нь сургагчийн заадаг жүжигчний уран чадвар хичээлийг орчуулан өгдөг байжээ. Энэ үед суралцаж төгсөгчдийн дунд Ардын жүжигчин Д.Ичинхорлоо, Д.Цэрэндулам, З.Цэндээхүү, гавьяат жүжигчин Б.Жадамбаа, Ч.Цэвээн, УГЗ, Төрийн хошой шагналт Д.Намдаг зэрэг хожим Монголын соёл урлагийн иүүхэнд билэг авьяасаараа тодрогсод, Бөмбөгөр театрынхан, алтан үеийнхэн гэж тодотгон нэрлэдэг алдар цуутай уран бүтээлчид төрөн гарсан билээ.

Монголын мэргэжлийн урлагийн байгууллагын үндэс суурь болсон "Бөмбөгөр ногоон" театрын түүх хүүрнэж, алтан үеийн уран бүтээлч нөхдийнхөө тухай ярих хүн хуруу дарам цөөн үлдсэн. Тэдний нэг найруулагч Б.Мушгиагийн амьдрал, уран бүтээлийн замналыг өгүүлсэн "Бөмбөгөр ногооны Мушгиа" номыг сэтгүүлч Д.Отгонбаяр эмхэтгэсэн байна.

Тус номд Бөмбөгөр ногоон театрын анхдагч болох алдартнуудаас номын дуу сонсч, дараа нь өөрөө театртаа туслах найруулагчаар ажиллаж, урлагт зүтгэсэн Б.Мушгиа найруулагчийн 50 гаруй жилийн замналыг хүүрнэжээ.

Нээлтийн үеэр тэрээр хэлэхдээ,  “Театр гэдэг айлын босго нь өндөр ч буян нь их. Би алтан үеийн хүн биш. Гэхдээ тэдний үргэлжлэл болж, хамт ажиллан сайныг үзэж, саарыг туулж явсан. Бөмбөгөр ногоон театр бол хувьсгалын дараа бүдүүлэг байсан ард олон түмний нүдийг нь нээж, сэтгэлийг нь онгойлгож ариусгаж байсан. Энэ  авьяастнуудаас сурч мэдэж явсандаа бахархаж байна. Уламжлалгүй шинэчлэл гэж байхгүй. Бидний туулж өнгөрүүлсэн зам, давсан даваа өнөөдрийн уран бүтээлчдэд замнал болох ёстой” гэв.



Хоёр дахь бүтээл "Алтан үе-Бөмбөгөр ногооныхон" номыг сэтгүүлч Н.Сарангэрэл, Ц.Энхмаа, түүхч С.Туяа нар эмхэтгэн, Л.Номингэрэл, Т.Чимгээ зэрэг нарын таван эмэгтэй хамтран ажилласнаараа онцлогтой.

Тус номд хөгжмийн урлагийн бурхад болсон Хөдөлмөрийн баатар Д.Лувсаншарав, УГЗ Г.Бирваа нарын 10 гаруй жилийн өмнө хамтдаа суугаад хуучилсан сонирхолтой ярианаас гадна Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Л.Цогзолмаа, Г.Хайдав, Монголын түүхэнд шударга хөгжмийн шадар гурав хэмээн нэрлэгдэж асан Ардын жүжигчин Ц.Дашдулам, гавьяат жүжигчин С.Мядагбадам, театрын өндөр ээж Лха.Долгор, жүжигчин И.Батжаргал, хүүхдийн дууны В.Долгор, “жаахан” Г.Дулмаа, “Тунгалаг тамир” киноны тулах багана болсон Ардын жүжигчин А.Очирбат, гавьяат жүжигчин Н.Баатар нарын уран бүтээлчийн ярилцлага багтжээ. Мөн урлагийн алтан сүмд гэгээ нэмж, гэрэлтүүлж явсан алдарт жүжигчин Д.Ичинхорлоо, агуу найруулагч Э.Оюун, С.Гэндэн, хоёр Цэгмид, Д.Чимэд-Осор, Зууны манлай Т.Цэвээнжав, Монголын хөгжмийн урлагийн ноён оргил Б.Дамдинсүрэн, шударга хөгжмийн хатан хаан С.Базаррагчаа, хөгжимчин Д.Цэрэндолгор нарын уран бүтээлчдийн тухай дурсамж, тэмдэглэл орсон байна.  

Номын нээлтэд Б.Мушгиа найруулагчтай хамт ажиллаж байсан "Бөмбөгөр ногоон"-оор овоглодог ахмадууд, урлагийн үе үеийн төлөөлөл хүрэлцэн ирж, шинэ номоо өлгийдөн авсан юм.

Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ