2015 оны төсвийн хүрээний мэдэгдлийн анхны хэлэлцүүлгийг хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-10-28 18:21:40

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Уг асуудлыг Төсвийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаар авч хэлэлцсэн бөгөөд байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг танилцуулав. Үүний дараа хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд зарим асуудлыг тодруулав.

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, “Бид энэ жил 3 дахь удаагаа төсвөө тодотгож байна. Зүйрлэвэл сурагчдад бодлого өгөөд бод гээд явуулсан. Нэг бодлогыг 3 удаа буруу бодоод байгаатай адил юм болж байна. Энэ удаагийн төсөв зөв гэдэгт хэрхэн итгэх вэ.Төсвөө улирлаар нь баталдаг болвол ямар вэ” гэсэн юм. Сангийн сайд Б.Болор Р.Амаржаргал гишүүний асуултад, “Төсвийн тодотголыг эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж ярьж байна. Гурав гурван сараар төсвөө баталдаг улс байдаг. 2008 оны хямралын үеэр Баруун Европын улс орнууд 8 удаа тодотгол хийж байсан. Энэ бол сайн зүйл биш. Засгийн газраас өргөн барьсан төсвийг УИХ 2008 оноос хойш өөр болгоод баталж байгаа. Энэ байдал ч бас нөлөөлж байгаа” хэмээн хариулсан.

УИХ-ын гишүүн Л.Болд, “Бид хүүхдийн сурч боловсрох үндсэн эрхийг бүрэн хангаж чадахгүй байгаа. Ирэх хоёр жилийн төсвийн төсөөлөлд энэ асуудлыг бүрэн тусгаж чадсан уу. Сургууль, цэцэрлэгийн асуудлыг бодитой шийдэхээр тусгаж чадав уу” хэмээн асуухад Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан, “Төсвийн төсөөллийг нарийвчлан үзэж, зарим нэг шаардлагатай өөрчлөлтүүдийг тусгасан” гэлээ. Гишүүд асуулт асууж дууссаны эцэст зарчмын зөрүүтэй 5 саналаар санал хураалт явуулав. Тус хуулийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.

Б.Туул

 

Холбоотой мэдээ