Нийслэлд 5,5 км хүнд даацын зам ашиглалтад орлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2015-10-29 09:14:24

Герман улсын шинэ технологиор хийсэн хоёрдугаар ангиллын буюу хүнд даацын зам болох Сонсголонгийн 5,5 км автозамын албан ёсны нээлт лхагва гарагт боллоо.

Жил дамнан үргэлжилж хийсэн энэ замын нийт өргөн нь 24 метр. Замыг дөрвөн эгнээ гэж үзвэл тус бүр нь 3.5 метрийн өргөнтэй бөгөөд 1,5 метр хоёр дугуйн зам, нэг метрийн хэмжээтэй хоёр явган хүний замтай барьжээ. Насжилтын хувьд 50-60 жилийн эдэлгээтэй гэдгийг гүйцэтгэгч компаниуд нь онцолж байна. Тус зам нь бусад замуудтай харьцуулахад замын зузаан 26 сантиметрийн бетонон цутгалттай гэдгээрээ давуу чанартай.

Харин уг замд ашиглагдсан материал нь 100 хувь Монголд үйлдвэрлэгдсэн гэдгээрээ онцлогтой. Энэхүү автозамын нийт төсөвт өртөг 23 тэрбум бөгөөд 16 тэрбум нь даацын замын өртөг бол бусад нь замыг өргөтгөх ажилтай уялдаж буй инженер дэд бүтцийн ажлын зардал юм. Хөрөнгө оруулалтыг Чингис бондоос гаргажээ.

Зам барилгын ажлын явцад 120 орчим хөндлөн сэтэлгээ хийж, шаардагдах дэд бүтэц, инженерийн байгууламжуудтай уялдуулж өгсөн байна. Замын нийт уртын дагуу ус зайлуулах 8886 метр шугам хоолой, 281 ширхэг худаг болоод 237 шон бүхий гэрэлтүүлгийг шинээр суурилуулжээ. Гүйцэтгэгч талууд хуулийн дагуу гурван жилийн дотор замын арчлалт, засварыг хариуцан хийх ёстой.

Харин уг хүнд даацын замд гурван жилийн дотор ямар нэгэн элэгдэл гарахгүй бөгөөд замын чанарыг харуулсан бүтээн байгуулалт гэдгийг гүйцэтгэгч компаниуд онцлон тодотгож байсан юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ