“Нээлттэй хаалганы өдөр”-өөр 1240 гаруй иргэнд үйлчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-05-29 14:21:14
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймгийн хуулийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөр” Дархан хотын “Олон улсын худалдааны төв”-д болов.
Өдөрлөгийн үеэр аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс, Анхан шатны болон давж заалдах шатны шүүх, Цагдаагийн газар, Прокурорын газар, Өмгөөлөгчдийн зөвлөл, Нотариатын танхим зэрэг 14 байгууллага газар өмчлөх, гарын хээний дардас, цусны бүлэг тодорхойлох, галт зэвсгийн бүртгэл, зөвлөгөө, торгуулийн хуудасны талаарх лавлагаа, нэхэмжлэлийг үнэ төлбөргүй бичих, эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээ зэрэг нийт 27 нэр төрлийн үйлчилгээг нэг цэгээс үзүүллээ.
Мөн үеэр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж хугацаа нь дууссан иргэдэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийн талаарх лавлагаа олгож жолооны үнэмлэхээ үрэгдүүлсэн, гэмтээсэн иргэний материалыг хүлээн авч галт зэвсэг улсын хилээр оруулах худалдах, тусгай дуут дохио ашиглах, аюултай ачаа тээвэрлэх зөвшөөрөл олгох чиглэлээр иргэдэд зөвлөгөө мэдээллийг өгсөн байна. Улсын бүртгэлийн хэлтэс хаяж гээгдүүлсэн иргэдийн материалыг хүлээн авч торгуулийн хэмжээг 90 хувиар буюу 1000 төгрөг болгож бууруулахын зэрэгцээ Архивын лавлагаа гадаад паспортын хүчинтэй хугацааны сунгалт хийж гадаад паспорт шинээр авах мэдүүлгийн хуудас, төрсний болон гэрлэлтийн гэрчилгээний дахин олголт, хуулийн этгээдийн, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйлчилгээг тус тус үзүүлжээ.
Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Л.Алтанчимэг: “Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлыг хүрээний агентлаг болон хуулийн байгууллагуудаас үзүүлж байгаа ажил үйлчилгээний хүртээмжийг таниулж төрийн үйлчилгээг иргэдэд шууд үзүүлэх, хууль эрх зүйн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн хуулийн байгууллагууд нээлттэй хаалганы өдөрлөгөө хийж байна. Мөн аймгийн “Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулж авлига ашиг сонирхлын зөрчилтэй тууштай тэмцэж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх замаар иргэдийг аюулгүй орчинд амар тайван амьдрах нөхцөлийг хангах зорилго тавьсан. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхээр “Иргэний эрх зүйн боловсрол”, “Архигүй Монгол хүн” аймгийн дэд хөтөлбөр, мөн хуулийн байгууллагуудын хамтын уялдаа холбоо, гэмт хэргийн илрүүлэлтийн төвшинг сайжруулах зэрэг олон талт ажлуудыг хийж байна” гэв.
                                                                                                                                                       Б.Норовсамбуу
Холбоотой мэдээ