Онцгойгийн албан хаагчид бүтээсэн Соёмбоо хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-05-29 21:53:54
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид Монгол түмний үндэсний эв нэгдэл, төрийн өнө мөнхөд бат бэх оршин тогтнохын билэгдэл болсон Соёмбыг Мөрөн сумын урд ууланд бүтээж Мөрөн сумын Засаг даргын тамгын газарт хүлээлгэн өгөв. Тус Соёмбыг Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ойг тохиолдуулан 2014 онд Газрын орлогч дарга дэд хурандаа Ё.Пүрэвсүрэнгийн санаачилгаар Онцгой байдлын газрын 88 албан хаагч 90 метр өндөр, 48 метр өргөн хэмжээтэй бүтээсэн байна.
Соёмбыг Мөрөн сумын төдийгүй Хөвсгөл аймгийн ард иргэд өглөө бүр идээ цайныхаа дээжийг өргөн төрт ёс, түүх соёлоо дээдлэн, сүсэглэн залбирч байхыг эрхэмлэн бүтээжээ. Тус хамт олон Соёмбыг жил бүр сэргээн засварладаг бөгөөд энэ жил дахин сэргээн төрийн байгууллагад хүлээлгэн өгөхдөө “Энэхүү Онцгой байдлын албан хаагчдын сэтгэл шингэсэн бүтээн байгуулалтыг арчилж тордон, өнгө үзэмжийг нь сэргээж, илүү өндөр утга агуулгаар тохижуулж байхыг хүслээ. Мөн Хөвсгөлчүүд төрийн Соёмбоо хүндэтгэн хүрэлцэн ирэхдээ архидан согтуурах, хог тарих зэрэг зүй бусын авир гаргахгүй хүндэтгэлтэй хандаж байх”-ыг Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Нэргүй онцолж байлаа.
                      Б.Гантуяа                                                          
 
Холбоотой мэдээ