Гадаадын иргэн харьяатын газрынхан хүүхдүүдээ баярлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-05-30 10:42:09
 /МОНЦАМЭ/ Манай улс  65 дахь жилдээ “Олон улсын хүүхдийн эрхийн өдөр”-ийг тэмдэглэх гэж байна.
 
Анх 1925 онд “Женевт” хүүхдийн сайн, сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж, тэрхүү чуулга уулзалтаас 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан юм. Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн. Монгол Улс 1952 оноос эхлэн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэсээр ирсэн түүхтэй.
 
Гадаадын иргэн, харьяатын газрынхан өнгө зассан зуны энэ өдөр хүүхдүүдийн цангинасан дуу хуур, инээд хөөрөөр хөглөгдлөө. Тус газар албан хаагчдынхаа хүүхдүүдийг хүлээн, баярлуулсан нь энэ.
Баярын арга хэмжээнд Гадаадын иргэн, харьяатын газрын удирдлага болон албан хаагчдын гэр бүл бяцхан үрсийнхээ  хамт иржээ.
 
 Арга хэмжээг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д. Мөрөн нээж хэлэхдээ, “Албан хаагчдын хүүхдүүд хоорондоо танилцаж, аав ээжийнх нь ажилладаг газар ямар үйл ажиллагаа явуулдаг талаар танилцуулах зорилгоор энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байна. Энд хүрэлцэн ирсэн гэр бүл, эцэг эх, үр хүүхдүүд маань яг өнөөдрийнх шиг инээд баяслаар дүүрэн, өөдрөг байгаасай хэмээн хүсч байна” гэлээ.
 
Энэхүү арга хэмжээнд  хүүхэд багачуудын дуртай алиалагчтай циркийн үзүүлбэрүүд, хөлөөр шидэгч, жонглёроос гадна илбийн үзүүлбэр, урлагийн тоглолтоор бэлэг барив. Мөн үеэр  багачуудын дунд хөгжөөнт тэмцээн явуулж, сугалаа сугалуулан Олон улсын хүүхдийн НАЙРАМДАЛ төвд амрах эрхийн бичиг, унадаг дугуй, сагсны бөмбөгөөр шагнав.
 
Түүнчлэн хүүхэд багачуудын ертөнцийг үзэх үзэл, эх орон, ээж аав, ахан дүүсээ хайрлах сэтгэлийн илэрхийлэл болсон “МИНИЙ НҮДЭЭР-МИНИЙ ААВ/ЭЭЖИЙН АЖЛЫН ГАЗАР” хүүхдийн гар зургийн уралдааныг 0-8, 9-16 насны ангиллаар зарласныг дүгнэв.
 
Ингээд энэхүү арга хэмжээнд оролцсон бяцхан дүү нарынхаа баярын сэтгэгдлээс та бүхэнд хүргэе.
 
 Дашпүрэвийн Нинжин: Би 12 настай, Хобби сургуулийн 6а ангийн сурагч. Миний ээж Ж.Алтангэрэл Гадаадын иргэн, харьяатын газарт Тамгын газрын ахлах мэргэжилтэн хийдэг. Баяр үнэхээр сайхан болж байна. Би ээжийнхээ ажил дээр ирээд баярлахын зэрэгцээ үе тэнгийн найзууд, дүү нартаа зориулж өөрийн бүжгээр мэндчилгээ дэвшүүллээ. Бас Найрамдал зусланд амрах эрхийн бичгийн азтан болсондоо маш их баяртай байгаа. Өмнө нь ингэж ээж, аавынхаа ажлын газартай танилцах боломж төдийлөн олддоггүй байлаа.  Ээж маань орой болтол ажилладаг болохоор ээжийнхээ ажлын газрыг очиж үзэх юмсан гэж боддог байсан. Анх удаа ирж байгаа болохоор сайхан санагдаж, бас ээжийнхээ ажлаар бахархаж байна.
 
Болдын Бүжинлхам: Би өнөөдөр хичээлтэй байсан боловч багш маань чөлөө өгөөд ээжийнхээ ажлын хүүхдийн баярт оролцлоо. Гар зургийн уралдаанд ээжийнхээ ажлын газрыг их гоё зурах юмсан гэж хичээж зурсан маань шалгарч,  аз таарч Найрамдал зусланд амрахаар болчихлоо. Ер нь найзуудтайгаа хамт зусланд амарна гэж бодож байсан чинь хүсэл минь биелсэнд баяртай байна. Ээжийнхээ ажлын хамт олонд ийм сайхан арга хэмжээ зохион байгуулсанд баярлалаа. Миний ээж энэ дэлхийн хамгийн мундаг ээж.
 
Түүнчлэн өнөөдрийн баярын арга хэмжээнд албан хаагчдын арын албыг залгуулж, найдвартай ар тал болж явдаг гэр бүлийнхэн нь хүрэлцэн ирсэн байв.
 
Гадаадын иргэн, харьяатын газрын дэд даргын туслах Э.Эрдэнэдаваагийн гэргий Ч.Золжаргал: “Өнөөдрийн арга хэмжээнд хоёр хүүхдийнхээ хамт ирсэн. Баярт оролцоод хүүхэд шигээ л хөөрөөд байж байна. Албан хаагчдынхаа гэр бүл, үр хүүхдүүдийг хүлээн авч, ажил байдалтай нь танилцуулсан нь их сайхан санагдлаа. Цаашид хүүхдүүдэд ч хэрэгтэй. Тухайлбал манай охин “ Миний аав яасан гоё газар ажилладаг юм бэ” гээд бөөн баяр. Тэгэхээр албан хаагчдынхаа гэр бүлд санаа тавьж ийм арга хэмжээг олон байгууллага зохион байгуулаасай гэжбодож байна” гэлээ.
 
 Мөн өдөр Гадаадын иргэн, харьяатын газрын хамт олон мод тарих арга хэмжээг хүүхдийн баяртай хамтатган зохион байгуулсныг хүмүүс билэгшээж байсан юм. Ийнхүү гэрэлт ирээдүйн эзэд болсон бяцхан үрс маань аав ээжийнхээ ажлын газарт, хамтдаа мод тарьж дурсамж дүүрэн өдрийг өнгөрүүллээ.
 
Ж.Батсайхан
 
 
 
Холбоотой мэдээ