Төрийн гурван өндөрлөгт хандаж шаардлага хүргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-10-29 12:11:49

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хүдрийн ил уурхайн Үйлдвэрчний эвлэлийн хороо Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын Өргөдөл, гомдлын байнгын хороонд хандаж гурван заалт бүхий шаардлага хүргүүллээ.

Шаардлагын нэгд, “Эрдэнэт үйлдвэр”, “Оюу толгой” ХХК болон уул уурхайн олборлолт явуулдаг компаниудад адил, тэнцүү татварын тогтолцоо бий болгох шийдвэр гаргах, хоёрт, “Эрдэнэт үйлдвэр” ХХК Оросын талд төлөх ёстой ногдол ашиг болох 100 сая ам.долларыг 2012 оноос хойш төлөөгүй. Үүнийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлагууд юунд зарцуулсаныг тайлагнах, өрийг ямар эх үүсвэрээс төлөх, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохыг хүссэн байна. Гуравт, Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэхийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-т үүрэг болгох, хэрэгжилтэнд хяналт тавин ажиллахыг шаардсан байна. Эл бичгийг энэ сарын 21-нд илгээсэн байна. Ямар шалтгаанаар ийм үйлдэл хийх болсон тухайгаа Хүдрийн ил уурхайн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга П.Баттөр хэвлэлийн бага хурал зарлаж сэтгүүлчдэд ийн мэдээлсэн юм.

Өнөөдрийн байдлаар ашигт малтмалын нөөц ашигласаны төлбөрийг “Оюу толгой” ХХК 5, алт олборлогч компаниуд 2.5, “Эрдэнэт үйлдвэр” ХХК 16 хувиар тооцон төлж байгаа нь шударга бус гэж тэрээр хэлсэн юм.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ