“Цэцэрлэгийн багшдаа баярлалаа” дууг орон даяар дуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-05-31 15:57:00
Архангай /МОНЦАМЭ/. “Цэцэрлэгийн багшдаа баярлалаа” хэмээх бага насны хүүхдүүдэд зориулсан дууны 25 жилийн ой тохиож байна. Энэ ойг тохиолдуулж  монгол орон даяар цэцэрлэгийн багачууд Хүүхдийн баярын өмнө буюу өнөөдөр /05.31/ 13.00 цагт “Цэцэрлэгийн багшдаа баярлалаа” дууг бүгд дууллаа. 

Архангай аймгийн хэмжээнд 36 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ дууг цэцэрлэгийн бүх хүүхдүүд дуулж багшдаа баярласнаа илэрхийллээ. Эдгээр цэцэрлэгийн төлөөлөл болгож Эрдэнэбулган сумын хүүхдийн 1-р цэцэрлэг дээр очсон юм. Тус цэцэрлэг 150 гаруй хүүхэдтэй, дуу хөгжмийн багшаар нь Н.Даваасүрэн ажилладаг байна. Тэрээр цэцэрлэгийн дуу хөгжмийн багшийн ажлыг 40 гаруй жил хийж байгаа нэгэн юм.

Н.Даваасүрэн багш ““Цэцэрлэгийн багшдаа баярлалаа” дууг төрсөн цагаас эхлэн хүүхдүүдийнхээ төгсөлт болгоноор зааж сургасаар өнөөг хүрчээ. Энэ дууний үг, ая дан нь үнэхээр сайхан, хүүхдүүдийн хоолойнд яг таарсан сайхан дуу, бид ч их олон жил дууллаа даа. Зохиогч нарт нь маш их баярлаж байна. Цаашид ч үргэлжлүүлэн заасаар байх болно” гэдгийг хэлж байлаа.

25 жилийн өмнө “Цэцэрлэгийн багшдаа баярлалаа” дууны үгийг С.Пүрэвсүрэн, аяыг М.Туяа нар зохиож, хүүхэд багачуудын дунд түгээснээр өнөөг хүртэл бидний сайн мэдэх хүүхдийн дуунуудын нэг болжээ. 

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ