Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, амьдралын туршлагын судалгаа авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-05-31 23:05:28
Дундговь/МОНЦАМЭ/ Монгол Улсад анх удаа явуулж байгаа Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, амьдралын туршлагын судалгааны мэдээлэл цуглуулах баг Дундговь аймагт ажиллаж байна. Судалгааны мэдээлэл цуглуулах баг 6 хүний бүрэлдэхүүнтэй,  6 дугаар сарын 15 хүртэл тус аймгийн 13 сумын 20 багт хүрч ажиллах юм. Өнөөдрийн байдлаар зүүн талын сумдад ажиллаж байна.
Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, эмэгтэйчүүдийн эрүүл мэнддээ анхаарах болон өөрийгөө хамгаалах арга барил, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, түүний чанарыг тогтооход судалгааны зорилго чиглэсэн байна. Хүн амын дотор эмэгтэйчүүдийн эзлэх хувь, хөдөлмөр эрхлэлт, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн аж байдал гээд нийгмийн олон үзүүлэлт статистик мэдээгээр гардаг. Гэсэн ч эмэгтэйчүүдийн талаар илүү тодорхой, хангалттай мэдээлэл цуглуулж, тэдэнд тулгарч буй бэрхшээл, тулгамдсан асуудалд чиглэсэн бодлогын үндэс болгож нарийвчилсан статистик судалгаа, мэдээлэл бүрдүүлэхийн тулд энэхүү судалгааг  хийж байгаа ажээ.
Судалгааг НҮБ- ын Хүн амын сан, Швейцарын Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Үндэсний Статистикийн хороо Монгол Улсад анх удаа явуулж байна.  
Дундговь аймгийн хувьд энэхүү судалгаанд мэдээлэл өгөхөөр 13 сумын 20 багийн 300 иргэн сонгогдоод байгаа юм.
 
Т. Отгонтуяа  
Холбоотой мэдээ