“Алтайн дуулал” яруу найргийн наадамд яруу найрагч Н.Таванцэцэг түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-06-02 10:02:29
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг  "Алтайн дуулал" яруу найраг, богино өгүүллэгийн 11 дэх удаагийн наадам  аймгийн ХДТ-т амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн наадамд Ховд аймгийн 17 сумын  нийт 30 орчим яруу найрагчид өөрийн бичсэн шүлэг найргаараа өрсөлдөж, онгодын хур буулгалаа. 
Энэ жилийн наадмын Яруу найргийн  тэргүүн байрыг "Ховд" телевизийн сэтгүүлч, залуу яруу найрагч Н.Таванцэцэг, дэд байрыг Буянт сумын харьяат, залуу яруу найрагч Б.Магсаржав, гутгаар байрыг Мөнхайрхан сумын харьяат Яруу найрагч, МЗЭ-ийн гишүүн У.Батболд эзэллээ.     
Тусгай байрыг Ховд Их Сургуулийн багш н.Пүрэвсүрэн, Жаргалант сумын харьяат, залуу яруу найрагч Б.Лхагва-Очир нар эзэлсэн байна. Харин богино өгүүллэгийн наадмын тэргүүн байрыг МЗЭ-ийн гишүүн, зохиолч яруу найрагч А.Жаргалсайхан, тусгай байрыг МЗЭ-ийн гишүүн, Ж.Баттулга нар эзэлж, энэ жилийн наадмын өнгийг тодотголоо.
Жил ирэх тусам залуу яруу найрагчдын тоо өсөн нэмэгдэж, байгаа нь энэ наадмын чансааг тодорхойлж байгааг Монголын зохиолчдын холбооны  салбарынхан онцоллоо. Ирэх онд МЗЭ байгуулагдсаны түүхт 80 жилийн ой тохиож байгаа учраас дараа жилийн наадмыг түүхэн энэ ойг тохиолдуулан зохион байгуулахаар төлөвлөжээ.
 А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ