Умард Солонгосын нүүрсний экспорт бүрмөсөн зогсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2017-06-07 09:12:23
НЬЮ-ЙОРК. /Nikkei/. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Умард Солонгос нүүрс огт экспортлоогүй гэж тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээний хэрэгжилтэд хяналтад тавьдаг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хороо мэдэгдлээ. Энэ нь Пхеньяны эсрэг авсан хориг арга хэмжээг БНХАУ тууштай дагаж мөрдөж эхэлсэнтэй холбоотой гэж тус хорооноос өчигдөр  гаргасан тайланд дурджээ.

Умард Солонгос энэ оны хоёрдугаар сард 1.23 сая тн нүүрс экспортолсон бол гуравдугаар сард 6342 тн нүүрс экспортолсон байна.

Нүүрсний экспорт нь Пхеньяны хувьд гадаад валютын гол эх үүсвэр юм. Гэхдээ тус улс нүүрсний экспортоос олсон орлогыг цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө санхүүжүүлэхэд зарцуулж байсан юм.

Умард Солонгосоос нүүрс экспортлохыг НҮБ-ын гишүүн бүх улс оронд хориглох тухай тогтоолыг 2016 оны гуравдугаар сард Аюулгүйн Зөвлөл баталсан юм.

Умард Солонгос есдүгээр сард тав дахь удаагаа цөмийн туршилт  хийсэнтэй холбогдуулан  баталсан уг тогтоолд “НҮБ-ын гишүүн улс орнууд Умард Солонгосоос жилд 7.5 сая тонн буюу 400 сая долларын мөнгөн дүнгээс давсан хэмжээний нүүрс импортлохыг хориглоно” гэж заажээ. Энэ нь хориг арга хэмжээ авахаас өмнө тус улсаас импортолж байсан нүүрсний тал хүрэхгүй хувь юм. БНХАУ бол Умард Солонгосын нүүрсийг худалдан авдаг гол улс билээ. Мөнгө, зэс, никель зэрэг ашигт малтмалыг Умард Солонгосоос импортлохыг мөн хориглосон байна.

Харин “Умард Солонгосын ард иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд туслах зорилгоор нүүрс экспортолж болно” гэсэн тогтоолын цоорхойг ашиглан Хятад улс Умард Солонгосоос нүүрс экспортолсоор байсан юм. Гэвч Умард Солонгос удаа дараалан баллистик пуужин харван өдөөн хатгалгаа зогсоохгүй байгаатай холбоотойгоор Хятад улс байр сууриа чангатган нүүрс экспортлохоо зогсоосон байж магадгүй гэж шинжээчид үзэж байна.

Нөгөөтэйгүүр, цөмийн зэвсгийн хөтөлбөрөө улам боловсронгуй болгосоор байгаа Пхеньянд илүү хүчтэй шахалт үзүүлэхийг Умард Солонгосын худалдааны хамгийн том түнш болох Хятад улсад АНУ уриалсан юм. Үүний хариуд, 2017 оны эцэс хүртэл Умард Солонгосоос нүүрс экспортлохгүй гэж Хятад улс өнгөрсөн хоёрдугаар сард мэдэгдсэн билээ.
 
Г.Доржханд



Холбоотой мэдээ