Байнгын эргүүлд зарцуулах төсөвгүй байна гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-30 12:12:29

Дэлгэрцогт сумын нутагт газар аваад байсан байгалийн өнгөт чулуу түүдэг явдалд байнгын хяналт тавихаар тухайнд орчинд гэр барьж, төрийн албан хаагчид ээлжлэн эргүүлд гарч байгаа юм.

Байнгын эргүүл ажиллахад шатахуун, хоол хүнс, түлээ түлш гээд багагүй зардал гарч байгаа бөгөөд үүнийг сумын ЗДТГ хариуцах үүрэг хүлээжээ. Харин үүнд зарцуулах хөрөнгийн эх үүсвэр бэрхшээл учруулж байгааг сумын Засаг дарга Б. Баатарсүрэн хэллээ.

Тус сум долдугаар сарын сүүлчээс эхлэн байнгын хяналтыг ажиллуулж эхэлсэн байна. Одоогийн байдлаар 2.9 сая төгрөгийн зардал гараад байгаа бөгөөд үүнийг хууль бусаар чулуу түүсэн иргэдэд ногдуулсан торгуулийн орлогоос зарцуулах боломжтой гэж тооцсон юм байна. Харин торгуулиас бүрдсэн гурван сая гаруй төгрөгийг сумын байгаль хамгаалах санд төвлөрүүлсэн бөгөөд үүнийг эргээд зарцуулах зориулалт нь байгаль хамгаалах сангийн хөрөнгийг бүрдүүлж, зарцуулах журмыг зөрчсөн үйлдал болох тул энэ сангийн гүйлгээг аймгийн Санхүү,төрийн сангийн хэлтэс хаасан ажээ. Байгаль хамгаалах сангийн хөрөнгийг зарцуулах журамд  байгалийн баялгийн нөөц, төлөв байдлын хувьсал өөрчлөлтийг судлах, байгаль орчинд бохирдолгүй, хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг дэмжих, байгаль хамгаалах талаар мэдээлэл сурталчилгаа явуулах гэх зэргээр арав гаруй зүйлд сангийн хөрөнгийг зарцуулж болохыг заасан бөгөөд үүнд шатахуун, хоол хүнсний зориулалт байхгүй.

Хууль тогтоомжоо сайн мэдэж үйл ажиллагаа явуулж байх хэрэгтэйг аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга А. Ганбат сумын Засаг даргад сануулжээ.   

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ