Нэн хүнд нөхцөлд амьдарч байгаа нэгэндээ туслахаар шийджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Ерөө сумын ЗДТГ-аас “Иргэн таны төлөө” жилийн ажлын хүрээнд нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай, нэн хүнд нөхцөлд амьдарч байгаа ахмад настан Д.Ганбаатар, Б.Баасанхүү нарт туслах сайн үйлсийн аяныг өрнүүлээд байна.
Тус өрх нь 4х5 харьцаатай зориулалтын бус зуны сууцанд амьдардаг юм байна. Энэ өрхөд ахмад настан хоёр, хөгжлийн бэрхшээлтэй иргэн нэг, хүүхэд гурав гээд нийт 6 ам бүл амьдарч байгаа аж. Тус гэр бүлийн гишүүн Д.Ганбаатар, Б.Баасанхүү нар нь залуу насандаа Ерөө сумынхаа хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулан ажиллаж, хөдөлмөрлөж явсан байна. Гэвч өнөөдөр энэ хоёр иргэн нэн хүнд нөхцөлд амьдарч байгаа аж. Иймээс эдний амьдрах орчныг сайжруулж, өвлийн дулаан гэртэй болгох сайн үйлсийн аяныг өрнүүлээд байгаа юм.
Тус аянд тус сумын “Буурагчин” 2-р багийхан нэгдэж байна. “Буурагчин” багт 552 өрхийн 2045 хүн амьдардаг бөгөөд багийн хамт олон үйлсээрээ сумандаа "Шилдэг тохижилттой баг"-аар, аймагтаа 57 багаас 4-р байранд шалгарсан амжилтыг үзүүлжээ. Ингээд тус багийн Засаг даргын зүгээс “Бид нэг гэр бүл” уриан дор нэгдэж, 1000 төгрөгийн хандиваа сэтгэлээсээ харамгүй өргөхийг уриаллаа. Энэхүү аян 10-р сарын 28-ны өдрөөс 11-р сарын 12-ны өдөр хүртэл үргэлжлэн явагдах юм байна.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг