Бод малд чип суулгана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймаг дахь Хилийн 0285 дугаар ангийн удирдлагаас санаачилж “Хил дамнасан мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх” сэдэвт уулзалт-зөвлөлгөөнийг Цагааннуур тосгоны төвд зохион явууллаа.
Уг зөвлөлгөөнд аймгийн Засаг дарга, аймгийн прокурор, цагдаагийн удирдлага ба Улаанхус, Ногооннуур сумын удирдлага оролцов.
Энэ үеэр Цагааннуур тосгонд 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Хил орчмын нутаг дэвсгэрт малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлье” сэдэвт зохион байгуулсан уулзалт, зөвлөгөөнөөр гарсан санамж бичгийн биелэлтийг тооцож нийт 75 хувьтай биелүүлсэн талаар дүгнэлт өгөв.
Цаашид хил дамнасан мал хулгайлах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр санамж бичигт тусгав. Үүнд: Нутгийн өөрөө удирдах болон бүх шатны Засаг дарга нар урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлуудыг санаачилж гүйцэтгэх, малчин ард иргэдийн бод малд чип суулгах ажлыг зохион байгуулах, Хилийн зурвас газарт мөр илрүүлэх шугам болон тор татах зэрэг ажлуудыг гүйцэтгэж, биелэлтийг хагас, бүтэн жилээр тооцож байхаар шийдвэрлээ гэж аймгийн цагдаагийн газар мэдээллээ.
Ш.Айзаря