“Нараа баясуулъя” хүүхэлдэйн театрын төсөл 3000 ам долларын тэтгэлэг хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-06-14 17:56:25
Дорноговь /МОНЦАМЭ/. Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар БСШУСЯ-наас санаачилж  ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын чанарыг сайжруулах, боловсролын шинэчлэлийн тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан.
Дээрх тэтгэлэгт хөтөлбөрт Дорноговь аймгийн Хөвсгөл сумын ерөнхий боловсролын сургууль “Нараа баясуулъя” хүүхэлдэйн театрын  төслөөр оролцож 3000 ам долларын тэтгэлэгт авах болзол хангажээ. Энэ тухай Хөвсгөл сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал З.Мөнгөнбагана, ”Манай суманд  “Нараа баясуулъя” нэртэй ардын анхны хүүхэлдэйн театр 1970-аад оны үед байгуулагдаж эрчимтэй ажиллаж байгаад үйл ажиллагаа нь зогссон юм.
Бид хуучны театраа дахин сэргээн босгож үйл ажиллагаа явуулах, хүүхдүүдийн урлаг, соёлын авьяасыг хөгжүүлэх зорилгоор энэ оны дөрөвдүгээр сард БСШУСЯ-наас зарласан тэтгэлэгт уралдаанд төсөл бичсэн нь амжилттай болж тэтгэлэгт хөтөлбөрт шалгарлаа. Манай сургуулийн 40 гаруй хүүхэд театрынхаа анхны тоглолтоор сумынхаа Соёлын төвд “Болдоггүй бор өвгөн” үлгэрийг тайзнаа амилуулснаас  гадна Улаанбадрах, Хатанбулаг сумын  ард иргэдийн хүртээл болгосон.
Тэтгэлэгт  хөтөлбөрийн санхүүжилтийг хүүхдүүдийн урлагийн хувцас хэрэглэл, тайзны бэлтгэлийн зардалд зарцуулна ” гэв. Дашрамд дурдахад “Нараа баясуулья” хүүхэлдэйн театр нь Монгол Улсын 21 аймгаар явж тоглолт зохион байгуулж  байсан туршлагатай аж.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ