Ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Ганбаатар Архангай аймагт ирэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-06-14 18:20:11
Архангай /МОНЦАМЭ/. МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатарын сонгуулийн сурталчилгааны буухиа Архангай аймагт өнөөдөр ирлээ. Тэд “Өөр гарц байна. Бидэнд итгэ” уриатайгаар мөрийн хөтөлбөрийнхөө талаар 10-аад аймгаар явж иргэд, сонгогчид, намын гишүүн, дэмжигч нартаа ухуулан таниулах сурталчилгаагаа хийж, олон ч хүний дэмжлэгийг авсан тухайгаа арга хэмжээний үеэр хэлэв.

Түүнийг дэмжиж аймгийн ахмад, залуу үеийн төлөөлөл болсон олон хүн үг хэлж, ялалт авч ирэхийг хүслээ. Тэр дундаа Монгол Улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Алдаатай, хариуцлагагүй байгаа төрийг бид огцруулах ёстой. Монгол Улс өрөндөө баригдаж, нэг хүн 20 сая төгрөгийн өртэй байна. Ард иргэд үүнийг мэдэж байж сонголтоо зөв хийнэ. Бид худалд одоо итгэхгүй ээ. Оффшорт байгаа мөнгийг эргүүлэн татна. Бид үүнийг Та бүхнийхээ санал, дэмжлэг, сонголтоор хийж чадна шүү. Бид Архангай аймгийн Чулуут сумын харьяат гавьяат багш Биндэрьяагийн ач хүү Сайнхүүгийн Ганбаатарыг дэмжих ёстой. Тэгж байж бид МАНАН-гаас салж чадна” хэмээн дурьдаад нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатарыг дэмжихийг уриалан хурайллаа.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ