“Эцэг эх та эмч бас багш” сургалтыг явуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-06-15 17:25:05
Архангай /МОНЦАМЭ/. Эрдэнэбулган сумын хүүхдийн 14 дүгээр цэцэрлэг аймгийн ЭМГ, Дэлхийн зөн ОУБ-ын Архангай-2 хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Эцэг эх та эмч бас багш” сургалтыг энэ сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтын гол зорилго нь эцэг эхчүүдийг асаргаа сувилгаатай хүүхдүүдтэй хэрхэн харьцах, гэрийн нөхцөлд ямар хөдөлгөөн хийлгэх, ямар хоол тэжээл өгөх вэ гэдэг чиглэлээр мэдээлэл өгч чадавхжуулах, мөн багш, эмч нартай хэрхэн хамтран ажиллаж байж хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд ахиц өөрчлөлт гаргах вэ гэдэг чиглэлээр мэдээлэл өгсөн юм.
Сургалтанд хамрагдсан эцэг эхчүүд ирэх 9 дүгээр сарын нэгнээс эхлэн цэцэрлэгийн сувиллын үйл ажиллагаанд оролцох юм байна.

Аймгийн төв Эрдэнэбулган сумын хүүхдийн 14 дүгээр цэцэрлэг нь асаргаа сувилгаатай цорын ганц цэцэрлэг юм. Тус цэцэрлэг 1,8-5 настай 100 хүүхэдтэй, үүнээс рахит, цус багадалт, хоол тэмжээлийн дутагдалтай, бичил тэжээл иддэг 71 хүүхэд сувилалд хамрагддаг. Асаргаа сувилгаа шаардсан хүүхдүүдийг харьяалал харгалзахгүй авдаг гэж байна. Өнөөдрийн байдлаар зуны цэцэрлэгийн хуваарьт шилжиж 7 дугаар сарын нэгэн хүртэл ажиллах юм. 

Тус цэцэрлэгт шарлагын, утлагын, халдваргүйтгэлийн кварцийн гэрэл, искрап гэсэн хүүхдэд зориулсан тоног төхөөрөмжүүдийг Дэлхийн зөн ОУБ-аас шийдэж өгчээ.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ