Ажил мэргэжлийн онцлогт суурилсан ажлуудыг албадан хийлгэхийг санал болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-06-16 10:25:32
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Прокурорын газраас "Шүүхээс торгох, албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн ялтнуудын ял эдлэлтийн байдал”-ыг оны эхний 5 сарын байдлаар шалгажээ.

Шалгалтад торгох ялаар болон албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн 10 хүмүүжигчийн хувийн хэргийг хамруулж, нэг бүрчлэн хянасан байна. Шалгалтаар торгох ялаар шийтгэгдсэн таван ялтны 4 нь бүрэн биелэгдэж, ялын биелэлт 80 хувьтай байжээ. 
Мөн бүрэн биелэгдсэн торгуулийн ялын хугацаа янз бүр байгаа талаар шалгалтад хамрагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны удирдлага болон холбогдох албан тушаалтнуудад мэдээлэл өгч, дээрх 2 ялын биелэлтийг хангуулахад гарч буй хүндрэл бэрхшээлийн  талаар санал солилцсон байна.

Түүнчлэн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтнуудыг Хот тохижуулах газарт гэрээгээр ажиллуулахаар хязгаарлахгүйгээр хуульд заасны дагуу нийгэмд ашигтай ажил хийлгэх хэлбэрээр буюу ялтны ажил мэргэжлийн онцлогт суурилсан ажлыг албадан хийлгэх замаар ял эдлүүлэх талаар аймгийн Засаг дарга болон ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэстэй хамтран ажиллахыг тус тус үүрэг болгожээ.

Шалгалтын дүнтэй холбогдуулан харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд, мөн аймгийн Засаг даргад албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтныг ажлын байраар хангах үйл ажиллагааг зохион байгуулах хуульд заасан үүргээ биелүүлэхдээ ялтнуудаар аль болох нийгэмд ашигтай ажлыг албадан хийлгүүлж байх талаар тус тус албан бичиг хүргүүллээ гэж аймгийн Прокурорын газраас мэдээллээ.
 
Ө.Нурболат
Холбоотой мэдээ