Хуурайшилт улам нэмэгдэх төлөвтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-06-19 15:02:42
Увс /МОНЦАМЭ/ Энэ жил хур тунадас бага орох, хэт халалтаас үүдэлтэй байгалийн хуурайшилт нэмэгдэнэ гэдгийг мэргэжлийн байгууллагуудаас мэдээлж байна. Иймд иргэдийг түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Он гарсаар Увс аймгийн хэмжээнд гамшиг ослын шинжтэй 120 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний зонхилох хувийг ахуйн түймэр, хүчтэй салхи шуургатай холбоотой гамшиг осол эзэлж байгаа аж. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр 6, 7-р саруудад хэт халалттай холбоотой байгалийн хуурайшилт нэмэгдэх юм байна.
“Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх тухай Улсын онцгой комисс, ОБЕГ-ын даргын албан даалгаврыг хэрэгжүүлэх хүрээнд Увс аймгийн Засаг даргын албан тоотыг сумдад хүргүүлэн ажиллаж байна. Энэ жил хур тунадас бага унаж, хуурайшилт их байгаа тул иргэдийн хайхрамжгүй байдлаас болж ой хээрийн болон ахуйн түймэр гарах, түймэр алдагдах эрсдэл өндөр байгаа тул урьдчилан сэргийлж, иргэд сонор сэрэмжээ дээшлүүлэх хэрэгтэй байна” хэмээн аймгийн ОБГ-ын орлогч дарга Д.Өлзийт мэдээллээ.
Б.Замбал
Холбоотой мэдээ