УВС: Гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр өргөн цар хүрээтэй ажлууд хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-11-13 12:12:15

Улаангом, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр Увс аймаг энэ жил өргөн цар хүрээтэй ажлууд хийж байна.

 

Тухайлбал, аймгийн Засаг дарга ОХУ-ын Бүгд Найрамдах Тува болон Хакас улсад айлчилж, хил дамнасан малын хулгайтай холбоотой асуудлаар Засгийн газрын түвшинд уулзалт ярилцлага хийжээ. Мөн ирэх онд “Увс аймгийн нэг өдөр” үйл ажиллагааг ОХУ-ын Хакас улсад зохион байгуулахаар тохиролцсоноос гадна Хакасын их, дээд сургуулиудад Увс аймгийн оюутнуудыг сургах, өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотойгоор малын тэжээл нийлүүлэх асуудлыг шийдвэрлэсэн байна.

 

Тэрчлэн БНСУ-ын “Он хаффи” ТББ-тай хамтран Улаангом сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд байгалийн ухааны кабинет байгуулж өгч, багш, сурагчдад хиймэл оюунд суурилсан сургалт зохион байгуулжээ.

 

АНУ-ын Элчин сайдын яамнаас англи хэлний багш, төрийн албан хаагчдын чадавхыг сайжруулах тал дээр хамтарч ажиллахаар тохиролцсон бол Японы элчин сайдын яамнаас “Өвсний үндэс” төслийн хүрээнд Цагаанхайрхан сумын дотуур байр, гал тогооны засварын ажлын гэрээг үзэглэсэн байна.

 

Үүнээс гадна “Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас хүүхэд хамгааллын чиглэлээр 10 жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлэх бол Канадын “Мерит” төсөл төрийн албан хаагчдыг чадавхжуулах 5 жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.

Холбоотой мэдээ