Жуулчдад сонгодог хөгжмөөр үйлчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-06-19 15:46:37
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Алтангадас одонт Хөгжимт драмын театр “Сонгодог үдэш” VIP тоглолтоо үргэлжлүүлэн толилуулж эхэллээ. Тус театрын дарга Л.Наранхүү: “Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй орон нутгийнхаа бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор сонгодог хөгжмийн тоглолтыг шинэчлэн найрууллаа. Дорнод аймагт морилон саатсан аялагчдыг манай театрт зочлон нэгэн үдшийг сонгодог хэмнэлээр өнгөрүүлэхийг урьж байна” гэсэн юм.
Театрын хамт олон “Театр-хүний хөгжил 2017” зорилтот жилийн хүрээнд өнгөрсөн өвлөөс эхлэн аймгийн төвийн байгууллага хамт олон, сумдад тоглолтоо хүргээд амжсан. Тэгвэл энэ удаад дэлхийн сонгодог хөгжмүүд болон Монгол туургатны урлаг соёлын тоглолтыг Дорнодод ирсэн гадаад, дотоодын аялагч жуулчид VIP танхимд тухлан үзэх боломж бүрдлээ.
Дашрамд дуулгахад, Дорнод аймгийн Хөгжимт драмын театр нь хөдөө орон нутагтаа цорын ганц симфони оркестртай. Манай улсын хувьд өнгөрсөн зууны дунд үе 1940 оны эхээр Азийн орнуудаас хамгийн түрүүнд дэлхийн сонгодогтой танилцсан байдаг. Харин Дорнод аймгийн тухайд түүнээс 30 хүрэхгүй жилийн дараа Өрнийн сонгодог урлагийг өөрийн нутагт “нутагшуулж” чадсан нь энэ нутгийнхны бахархал гэж хэлж болно. 1978 онд Дорнод аймгийн Алтангадас одонт ХДТ-ын Симфони найрал хөгжим үүсэн байгуулагдсанаар сонгодог урлагийн түүхийн хуудас сөхөгджээ.
Монголдоо гуравт тоологдох, хөдөөд цорын ганц  Симфони найрал хөгжмийг Дорнод нутгийн уугуул, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ваандангийн Боролдой үүсгэн байгуулсан юм. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ