Онцгойнхон сүүлийн 10 жилд 10174 иргэний амь насыг аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-06-20 11:25:15
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монгол Улсад Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага үүсч нэгдсэн тогтолцоонд шилжсэний 14 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Одоогоос 14 жилийн өмнө буюу 2003 оны зургадугаар сарын 20-ны энэ өдөр УИХ-аас Гамшгаас хамгаалах тухай хуулийг батлан гаргаснаар орчин цагийн Онцгой байдлын алба байгуулагдах үндэс суурь тавигдаж байсан юм. 

Гамшгаас хамгаалах тухай  хуульд Гамшгаас хамгаалах ерөнхий газрыг байгуулахаар заасан.  2004 оны Засгийн газрын хуралдааны нэгдүгээр тогтоолоор тус газрыг байгуулж, 2005 онд Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор Онцгой байдлын ерөнхий газар болж өөрчлөн зохион байгуулагдсан түүхтэй.

Өмнө нь байсан  Иргэний хамгааллын газар, Гал түймэртэй тэмцэх газар, Улсын нөөцийн газар гэсэн төрийн гурван байгууллага нэгдэж, олон улсын жишгийн дагуу онцгой нөхцөлд ажиллах залуусаас бүрдсэн Монгол Улсын анхны Онцгой байдлын албыг байгуулжээ. Тус  алба 2017 он гарсаар 662 хүний амь аварч, төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 9.7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалаад байна.  Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал, аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо нь 191-ээр нэмэгдсэн аж. Онцгой нөхцөлд 25-40 насны 4200 гаруй албан хаагч ажиллаж, эх орон, элгэн саднаа аюулт осол, гамшгаас хамгаалсаар байна. Үеийн үед тэдний нийгмийн асуудал, цалин хангамж, ашиглах багаж зэвсэг нь хангалтгүй хэмээн ярьдаг байсан бол Гамшгаас хамгаалах тухай хууль энэ онд шинэчлэн батлагдсанаар ахуй хангамж нь сайжирч буйг албаныхан хэллээ. Үүнийгээ дагаад эл албад ажиллах хүсэлтэй ажилд бүртгүүлэх  залуусын тоо нэмэгдсэн аж.

Монгол Улсад өнгөрсөн 10 жилийн хугацаанд 38 мянга орчим байгалийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 2203 хүний амь нас эрсдэж улсын хэмжээнд 1 их наяд 70 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан байна. Онцгой байдлын албаны алба хаагчид маань 2007-2016 он буюу сүүлийн 10 жилд 10174 иргэний амь нас, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 195.8  орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохион байгуулж, улс, эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулсаар байна.
Өргөсөн тангаргаасаа няцдаггүйгээ харуулж, албан үүргээ биелүүлж яваад амь эрсэдсэн тохиолдлууд цөөнгүй бий. Тиймээс эдгээр хүмүүсийнхээ гэгээн дурсгалыг ч энэ өдөр эргэн санах учиртай. Онцгойнхон  цаг хормоор хэмжигдэж, аюулыг сөрөн шуурхай ажилладаг алба. Өглөө гарахдаа аяга цайгаа ч  ууж амжилгүй, үдэш харихдаа ч халуун хоолоо  идэж чаддаггүй энэ албаныхан байгалийн давагдагүй хүчин зүйлс, аюул ослыг сөрөн ажиллаж байна.
Ж.Батсайхан
Холбоотой мэдээ