Төрийн албаны тогтвортой байдлыг хангахыг уриаллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-06-20 15:25:46
Улаанбаатар. /МОНЦАМЭ/. “Тогтвортой ажлын байр” ТББ-аас төрийн албанаас хууль бусаар ажлаас нь халдаг байдлын эсрэг тэмцэж, төрийн албаны тогтвортой байдлыг хангах уриалга гаргаснаа өнөөдөр танилцууллаа.
Энэ талаар тус ТББ-ийн тэргүүн Н.Тэгшбаяр, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн В.Уранчимэг нар мэдээлэл хийв. Улс төрийн сонгууль болж, төрийн эрх баригч нам солигдох бүрт дагаад төрийн байгууллагуудын мэргэшсэн ажилтан, албан хаагчид солигддог тогтолцоо бий болоод байгааг тэд шүүмжилж байв. Мөн 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш 22,235 мэргэшсэн төрийн албан хаагч ажлаасаа халагдсан гэсэн судалгаа гарсныг хэлсэн юм. Үүний үр дагаварт 5000 өрх айл өртсөн бөгөөд халагдсан албан хаагчдын 42 хувь нь байрны, 89 хувь нь цалингийн, 58 хувь нь хүүхдийн сургалтын төлбөрийн, 15 хувь нь бусад өр зээлтэй байсан гэв. Тиймээс дээрх уриалгыг гаргаж байгаа юм байна.
М.Жавзмаа
Гэрэл зургийг Н.Батбаяр
Холбоотой мэдээ