Уганда улсад дүрвэгсдийн асуудлаарх дээд хэмжээний уулзалт болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
КАМПАЛА. /VOA/. 6 дугаар сарын 22-23-нд болох Дүрвэгсэдтэй эв санааны нэгдлээ илэрхийлэх хоёр өдрийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш болон гадаад улс орнуудын дээд түвшний зочид төлөөлөгчид энэ долоо хоногт Угандад хүрэлцэн ирэх гэж байна.
Нийслэл Кампала хотод болох тус хурлаар Уганда дахь дүрвэгсдэд ирэх 4 жилийн хугацаанд туслахад шаардагдах 8 тэрбум ам.долларыг босгох юм.
Уганда болон Өмнөд Суданы хилээр өдөр бүр өлсч туйлдсан хүүхэд эмэгтэйчүүд олноороо нэвтрэн орж ирдэг бөгөөд тусламжийн байгууллагуудын ажилтнууд тэднийг баяжуулсан жигнэмэгээр хооллодог байна. Угандад Африкийн 5 орны 1,2 сая дүрвэгсэд байрлаж байна. Ойролцоогоор 1 сая орчим дүрвэгсэд Өмнөд Суданаас ирсэн бөгөөд ихэнх нь өнгөрсөн онд Угандад орж иржээ. Тус улсын дотоодын хүнсний нөөц нь шавхагдаж байгаа юм.
Уганда дахь Дэлхийн хүнсний хөтөлбөрийн төлөөлөгч Эль Хидир Далоум өнгөрсөн сард НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн дүрвэгсдэд олгодог хүнсний хэмжээг багасгасан талаар ярихдаа, өнгөрсөн 5 дугаар сард дүрвэгсдэд олгодог хүнсний хэмжээг 50 хувиар бууруулсан гэдгийг хэллээ.
НҮБ болон тусламжийн 57 байгууллага Угандагийн хойд нутаг дахь дүрвэгсдийг хоол хүнс, хоргодох байраар хангахад 1.4 тэрбум ам.доллар шаардлагатай гэдгийг мэдэгдсэн боловч шаардлагатай санхүүжилтийн ердөө 18 хувь нь бүрдсэн байна.
Хүний эрхийг хамгаалах “Эмнести Интернэшнл” ТББ-ын бүс нутаг хариуцсан дэд захирал Мишель Кагари болон тус байгууллагын судлаачид Уганда дахь дүрвэгсдийн хуаранд очиж нөхцөл байдалтай танилцсан байна.
Өмнөд Суданаас өдөрт 2 мянгаараа орж ирж байгаа дүрвэгсдийн урсгал тус улсын нийгмийн байдалд хүндрэл учруулсаар байна.
Энэ долоо хоногт болох гэж буй Дүрвэгсдийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтыг яаралтай тусламж хүсэхийн тулд зохион байгуулж байгаа гэдгийг Уганда улсын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн сайд Муса Эквэрү мэдэгдсэн юм.