Аймгийн Сонгуулийн хорооноос иргэдийг сонгуульд идэвхтэй оролцохыг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-06-25 10:23:28
Увс /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал хураалт энэ сарын 26-нд буюу маргааш улс орон даяар өглөөний 7-гоос оройн 22 цаг хүртэл, Увс аймагт орон нутгийн цагаар өглөөний 6-гаас үдшийн 21 цагийн хооронд явагдах гэж байгаатай холбогдуулан аймгийн Сонгуулийн хорооноос мэдээлэл хийлээ.
-“Энэ удаагийн сонгуулиар аймгийн хэмжээнд нийтдээ 49769 сонгогч саналаа өгөх юм. Өмнөх сонгуулиудаар саналын хуудас дутах тохиолдол байсан бол энэ удаад тийм зүйл гарахгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудас дээр нэр дэвшигчдийн зураг байдаг болохоор сонгогчид сонголтоо хийхэд хялбар гэж бодож байна. Бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг 91 хэсэг дээр авна. Эдгээр хэсэгт сонгуулийн хорооны гишүүд, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээлэл технологийн даамал, цагдаагийн албан хаагчид гээд нийтдээ 860 гаруй төрийн албан хаагчид ажиллаж байна. Бид саналын дүн дамжуулалтын туршилтыг санал авах байр бүрээс хийж хэвийн ажиллагааг нь ханган ажиллаж байна гэлээ.
Өнөөдөр өглөөнөөс буюу 2017 оны 06-р сарын 25 өдөр орон нутгийн цагаар 08:00-19:00 цагийн хооронд зөөврийн санал өгөх хайрцгаар санал авч эхлээд байна. Увс аймгийн хувьд 1054 хүн зөөврийн хайрцгаар санал өгөх хүсэлт гаргажээ. Зөөврийн хайрцгаар саналаа өгөх сонгогчид заавал иргэний үнэмлэхтэй байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа бол иргэний үнэмлэхээ гэмтээсэн, гээж үрэгдүүлсэн сонгогчдын хувьд 6-р сарын 26 буюу санал авах өдөр хурууны хээг нь таньж байгаа тохиолдолд саналаа өгөх боломжоор хангахаар болсон байна.
Мөн, "Монгол Улсын Ерөнхийлөгчид гурван намын төлөөлөл нэр дэвшиж байгааг иргэд сонгогчид мэдэж байгаа. Энэхүү нэр дэвшигчдийн сурталчилгаа өчигдөр орой 00:00 цагаар дуусгавар болсон. Дээрх нэр дэвшигчдийн штабаас сонгуулийн санал хураалтын үйл явцад ажиглалт хийлгэхээр ажиглагчдыг сонгуулийн байгууллагад ирүүлсэн байгаа. Хуулийн дагуу нэг намаас дөрөв хүртэл ажиглагч байх ёстой. Манай аймгийн хувьд 757 ажиглагч бүртгүүлж үнэмлэхээ авсан. Мөн манай аймгийн сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт хийхээр Европын холбооны хоёр гадаад ажиглагч ажиллаж, аймгийн төв болон хөдөө сумдын санал авах байруудаар ажиллаж байна. Ингээд сонгуулийн санал авах байруудад ажиллаж байгаа төрийн албан хаагчиддаа энэ өдрүүдэд ажлын өндөр хариуцлагатай байж, үнэнч шударгаар ажиллахыг дахин сануулмаар байна. Мөн Увс аймгийнхаа иргэд сонгогчиддоо үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж Монгол Улсын төрийн тэргүүнээ сонгох түүхэн сонгуульд идэвхтэй оролцохыг Увс аймгийн Сонгуулийн хорооны нэрийн өмнөөс УРИАЛЖ байна. Төрийн сонгууль түвшин сайхан байх болтугай” хэмээн мэдээллээ.
Б.Замбал
Холбоотой мэдээ