"Цаатан фестиваль" ирэх сарын 6,7-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-06-27 17:35:47
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн зургаа дахь хошуу мал болсон цаа, цаан сүрэг, цаатан иргэдийн аж амьдралыг гадаад дотоодын иргэдэд сурталчлан таниулах зорилготой жил бүр зохион байгуулагддаг “Цаатан фестиваль” наадам ирэх сарын 6,7-нд “Далай тур” жуулчны баазад болно.
Монголын хоймор нутагт өв уламжлалаа хадгалан амьдарч байгаа цаатан иргэдийн өвөрмөц аж амьдралын соёл, ёс заншил, Дархад цаатан бөөгийн ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх сүүлийн жилүүдэд тоо толгой нь цөөрч байгаа цаа бугийг хамгаалах, өсгөн үржүүлэхэд хувь нэмэр болох, нутгийн иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх аялал жуулчлалын эвентийг шинээр бий болгох зорилгоор 17 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Фестивалийн үеэр цааны уралдаан, цаатан иргэдийн амьдрал ахуйтай танилцах, зургаа авахуулах зэрэг олон боломж иргэдэд олддог бөгөөд наадмыг Монтрейвэл компани Хөвсгөл далайн эрэгт байрлах жуулчны баазад зохион байгуулна. Энэ үеэр жуулчид Хөвсгөл далайн эрэгт амарч аялангаа цаатан иргэдийн аж амьдралыг үзэх төдийгүй олон сонирхолтой арга хэмжээнд оролцох ажээ.
Б.Гантуяа
 
Холбоотой мэдээ