Спорт зааланд өдөр бүр хөлс үнэртэж байвал нийтийн биеийн тамир хөгжиж байна гэсэн үг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт анх удаа Spinning хэмээх спортыг оруулж ирж нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх үйлсэд өөрийн санаачлага зүтгэлээр клуб нээн ажиллуулж буй “Завхан спининг” клубын багш дасгалжуулагч Л.Олонбаяртай уулзаж ярилцлаа. Spinning буюу /спининг/ нь эргэлтэт дугуй гэсэн утгатай бөгөөд суурин дугуйн дээр бүжиглэх хөдөлгөөнөөр хүний биеийг эрүүлжүүлэн, тураах, биеийг зөв бие галбиртай болгох, чийрэгжүүлэх спорт юм байна.
Лхаасүрэнгийн Олонбаяр нь 1987 онд Завхан аймаг Улиастай хотод төрсөн. 2006 онд Эрдэнэт хотод 10 жилийн сургууль 2007 онд барилгын коллежид Барилгын техникч мэргэжлээр 2012 онд Үндэсний биеийн тамирын дээд сургуульд Биеийн тамир эрүүл мэндийн багш мэргэжлээр 2015 онд Солонгос улс Сөүл хотноо Спорт удирдлагын академи Мөн 2015 оны 2 р сард ОХУ ын Москва хотноо Олон улсын Спорт удирдлагын сургалт, 2016 онд Индонезийн Жакартад зүүн Азийн спортын менежментийн чиглэлээр сургалтанд тус тус хамрагдсан. 2010 оноос хойш нийтийн биеийн тамирын спортыг олон нийтэд сурталчилах чиглэлээр олон улсын байгууллагад сайн дурын ажилтан, ТББ байгуулан ажиллаж 2015-2016 онд хувийн эмнэлэгт чийрэгжүүлэлтийн арга зүйчээр ажиллаж байсан. Одоогоор Завхан спиннинг клуб нээн ажиллуулж байна.
-Сайн байна уу? Улиастайн бүсгүйчүүдийг байлдан дагуулаад байгаа спининг хэмээх спортын талаар танилцуулахгүй юу?
-Энэ спорт нь анх 1984 онд үүссэн түүхтэй. Одоогоор Солонгос улсад эрчимтэй хөгжиж байна. “Spinning” гэдэг нь монголоор эргэлдэх гэсэн утгатай. Эрч хүчтэй спорт юм. Энэ нь аэробекийн төрөлд багтдаг. Гэхдээ аэробекийг бодвол хичээллэж байгаа хүнээс илүү их хүч шаарддаг бөгөөд гурав дахин илүү үр дүнтэй гэж үздэг. Энэхүү спортын хичээл нь суурин дугуйн дээрх уян налархай хөдөлгөөнөөр үргэжилдэг. Гэхдээ дугуйн дээрээ суугаад л жийгээд байх биш. Дасгал, хөдөлгөөнүүд нь дугуйн дээрх босоо байдлаар хийгддэг. Нэг удаагийн хичээл нь суурин дугуйн дээр 45 минутын турш үргэлжилнэ. Бүжиг маягийн хөдөлгөөнүүдтэй. Хичээллэх орчин нь яг л диско клубт байгаа юм шиг цоглог ая хэмнэлд хийгддэг спорт юм. Спиннинг буюу суурин дугуйн дээрх дасгалыг энгийнээр тайлбарлах юм бол энэ нь дугуйтай аеробик дасгалын нэг хэлбэр юм. Хэрэв танд эхлээд багадаа хийдэг байсан дугуйтай зугаалга төсөөлөгдөж байвал маш том эндүүрэл юм шүү. Энэхүү фитнесийн төрлийг хамгийн анх Өмнөд Африкийн дугуйчин Жонни Гольдберг 1980-аад оны эхээр АНУ-д дэлгэрүүлсэн. Тэрээр 1993 онд Rolling Stone сэтгүүлд спиннингийг "Хамгийн халуухан дасгал" гэж бичсэнээр бүр ч их түгээмэл болоод байгаа. Ерөнхийдөө спиннинг нь багаар хийдэг эрчимжүүлсэн суурин дугуйт дасгал бөгөөд хүмүүсийн тэсвэр тэвчээр, хүч чадал дээр төвлөрч ажилладаг. Спиннингээр хичээллэж буй хүмүүс тусгай дугуйн студид (одоо бараг бүх фитнесс клубуудэд бий) зориулалтын хүндрүүлэгчтэй суурин дугуйн дээр маш эрчимтэй дасгалуудыг мэргэжлийн багшаар заалгаж, эрч хүчтэй хөгжим дээр хийдэг. Нэг удаагийн хичээл ойролцоогоор 40-45 минут үргэлжилдэг.
-Спининг жин хасах уу? Булчинг хөгжүүлэх үү?
-Спиннингээр хичээллэснээр жин ч хасагдана, булчин ч хөгжинө. Үүнээс гадна, зүрх судасны үйл ажиллагаа сайжирч, тэсвэр тэвчээртэй болно. Хэрэв "gym"-д явж байгаа хүмүүс кардио дасгал ба булчин хөгжүүлэх хүчний дасгалуудыг тус тусад нь хийх хэрэг гардаг бол спиннингээр хичээллэгсэд энэ бүгдийг нэгэн зэрэг амжуулдгаараа маш том давуу талтай. Тэгэхдээ давхар булчингаа чангалахын тулд таны хэр их ачаалал авч чадахаас хамаарч мэргэжлийн багш дугуйг тань тусгай налуу байрлалд оруулж, араа хүндрүүлэгчийг нэмж, ачааллыг тохируулж өгдөг. Нэг удаагийн спиннингийн хичээл ойролцоогоор 400-600 калори шатааж, биеийн бүх булчинг жигд ажиллуулдаг. Спиннингийн хичээл хэзээ ч уйтгартай байдаггүй. Зарим хүмүүс маш идэвхтэй фитнессээр хичээллэж эхлээд хэсэг хугацааны дараа сонирхол нь буурч уйддаг. Тэгвэл спиннингээр хичээллэж байгаа хүмүүс эсрэгээрээ цаг ирэх тутам улам бүр дасгалдаа дуртай болж, дугуйн студи рүүгээ явах цагийг тэсэн ядан хүлээдэг. Учир нь спиннингээр хичээллэх тусам илүү их эрч хүчийг авдаг. Төрөл бүрийн хөгжмийн хэмнэлд эрчимтэй дасгалуудыг хийснээр аз жаргалын гормон эндорфин ялгарч, сэтгэл санаа сэргэдэг. Тиймээс 45 минутын дасгал хийж дуусахад, тухайн хүнд яг л 20 минут л өнгөрсөн мэт санагддаг. Бас спинингээр хичээллэхдээ заавал эмчтэй зөвлөх хэрэгтэй. Мэдээж энэхүү фитнесийн төрлөөр хичээллэж эхлэхээсээ өмнө мэргэжлийн зүрх судасны эмчтэй зөвлөх хэрэгтэй. Учир нь спиннинг бол маш эрчимтэй дасгалуудаас бүрддэг ба зүрхэнд маш их ачаалал ирдэг тул эхлээд өөрийн эрүүл мэндийн байдлаа мэдсэн байх шаардлагатай. Мөн мэргэжилтнүүд хэт их илүүдэл жинтэй хүмүүст спиннингээр хичээллэхийг зөвлөдөггүй.
-Таны хувьд спинингийн давалгааг Улиастайд эхлүүлэх санаа яаж төрөв?
-Миний мэргэжил биеийн тамир эрүүл мэндийн багш мэргэжилтэй. Нийтийн биеийн тамирыг олон нийтэд сурталчлах, хөгжүүлэх нь миний зорилго. Нутагтаа ирээд гурван жил болж байна. Энд ирсэн зорилго маань нэгдүгээрт нутаг орноо гээд ирсэн байгаа. Хоёрдугаарт яг өөрийнхөө мэргэжлийн дагуу нийтийн биеийн тамирын спортыг орон нутагтаа сурталчилъя, хөгжүүлье л гэсэн зорилготой байсан. Харин спинингийн спорт Монгол хөгжиж эхлэнгүүт л сонирхож судлаад Улиастайд өнгөрсөн хоёрдугаар сараас клубээ шинээр нээж ажиллуулж эхэлсэн байгаа. Энэ спортын төрлийг хөгжүүлье гэсэн зорилготой байгаа.
-Анх нутагтаа ирээд сайн дурын чамгүй ажил хийсэн гэсэн тодруулахгүй юу?
-Нутагтаа ирээд эхний жил ЕБС-ийн хүүхдүүдийг спортын хөгжөөнт тоглоомоор тоглуулж чийрэгжүүлэх ажил хийж байсан. Мөн өндөр настай иргэдийг чийрэгжүүлэлтийн дасгал хөдөлгөөнд хамаруулж байсан. Гурав дахь жилд нь ерөнхийдөө Одчим наран эмнэлэгт чийрэгжүүлэлтийн арга зүйчээр жилийн хугацаанд ажилласан байгаа. Ажиллаж байх хугацаандаа өндөр настай иргэд эмнэлэгт хэвтэж байгаа үйлчлүүлэгчдийг нийтийн биеийн тамир чийрэгжүүлэлтэд хамруулж дээрээс нь эрүүл зөв хооллолт, чийрэгжүүлэх хичээлийн ач холбогдолын талаар зааж зөвлөж байсан. Харин спининг клубээ байгуулаад ажиллах явцдаа ч мөн адил хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан хүүхдүүдэд үнэ төлбөргүй хичээлээ үргэлжлүүлэн зааж байгаа. Клуб маань мэдээж миний өөрийн хувийн бизнес, хоёрлдугаарт маш том зорилго болох нийтийн биеийн тамирын спортыг олон нийтэд сурталчлах хөгжүүлэхэд чухал дэмжлэг болж байна. Иргэдийг биеийн тамирын дасгал хөдөлгөөнд уриалах, зөв хооллолтын зөвлөгөө өгөх, эрүүл чийрэг бие бялдартай болгох нь миний амьдралын гол зорилго тэмүүлэл юмаа.

-Анх спиннинг маань хичнээн хүнтэй эхэлж байсан бэ?

-Анх 2017 оны 02 сарын 05-наас зургаан дугуйтайгаар Жинст багийн байранд 40 гишүүнтэйгээр эхэлж байсан. Одоогоор мэргэжлийн фитнес ангиллын есөн дугуйтай 130 гаруй гишүүнчлэлтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
-Клубын гишүүдийн хувьд насны хязгаар байгаа юу?
-Насны хязгаар байхгүй. Ерөнхийдөө наймаас дээш настай хүмүүс хичээллэж болно. Ер нь найман наснаас дээш хүний биеийн булчин чангарч эхэлдэг. Ачаалал авах чадвар нь нэмэгддэг. Дасгал хөдөлгөөн хийх тохиромжтой болдог. Гэхдээ спиннинг заавал эрчимтэй тураах зорилгтой гэж ойлгож болохгүй. Өндөр настай, хүүхэд, туранхай хүн жингээ нэмэх гэж, саажилттай хүн, хөл гарны үрэвсэл, хатингаршилт, нурууны суулт, нурууны ямар нэг өвчтэй хүн өвчнөө эдгээх гэж хичээллэнэ. Өнөөдрийн байдлаар клубын маань гишүүдийн 90 орчим хувь нь жин хаях зорилгоор хичээллэж байгаа. Харин их бага хувь нь саажилттай буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгчдийг сайн дураар хичээллүүлж байна. Өөрөөр хэлбэл эдгээр иргэд, хүүхдүүдэд үнэ төлбөргүйгээр өдөрт нэг цаг орчим хичээл зааж байгаа.
-Саажилттай хүмүүсийн хувьд үр дүн гарч байна уу?
-Мэдээж үр дүн гарч байгаа. Манайд харвалтын дараах саажиллтай 30 орчим настай залуу хичээллэж байгаа. Энэ залууд анх клубын зүгээс санал тавьж дасгал хөдөлгөөн зааж өгч эхэлсэн. Нэлээд жин ихтэй залуу байсан. Манай залуу маань одоогоор 12 кг хаячихсан. Баруун гар хөл нь нилээн саажилттай тийм доголондуу залуу байсан. Одоо бие нь тавираад ерөнхийдөө чангарсан шөрмөс нь суларч ирж байна. Дугуйны ач холбогдол ерөөсөө л энэ. Анх манай залуу дугуйн дээрээ гарч чаддагүй, бараг гүйж чаддагүй байсан. Эхлээд аоробэк дасгалууд хийж байсан. Харин спининг клубээ нээснээс хойш эргэлтэт дугуйн дээр дасгалаа үргэлжлүүлэн хийж байгаа. Анх 96 кг жинтэй байсан одоо гурван сар хичээллээд 86 кг жинтэй болсон байгаа. Өөрөө ч их урам орж байгаа.
-Монголчуудын ихэнх нь биеийн илүүдэл жингээ хасах, бялдаржуулахыг хүсэхдээ фитнес клубуудыг ихээр зорьдог. Харин энэхүү “Spinning club” нь фитнесээс юугаараа онцлогтой вэ?
-Фитнесээс ялгаатай нь хамгийн хурдан хугацаанд өөхийг шатаадаг. Фитнест нэлээд удаан хугацаанд хичээллэж байж өөх шатдаг. Энэхүү спортоор 45 минут хичээллэхэд фитнес дэх гүйлтийн зам дээр хоёр цаг гүйсэнтэй болон гурван цаг дугуй унахтай тэнцэнэ. Тиймээс турах явц хурдан явагдана гэсэн үг. Үйлчлүүлэгчдийн маань сэтгэгдэл маш өндөр байна. Анх ирж хичээллэж үзчихээд тэд “ийм гоё зүйл байдаг юм уу, зарим нь ийм зүйл байдаг гэж зүүдлээгүй юм байна” гэж хүртэл ярьсан. 45 минут хичээллэхэд тухайн хүн мөн маш их эрч хүчтэй, зоригтой болсон нь анзаарагддаг. Ганц тураах ч биш хичээллэх явцад бүх биеийн булчин ажиллаж байдаг. Тиймээс фитнестэй харьцуулахад бүх л дасгалыг 45 минутад багтаачихаж байна гэсэн үг. Бүх булчингууд жигд хөгждөг. Учир нь бүх л үе мөч зэрэг хөдөлдөг гэсэн үг. Ялангуяа охид, бүсгүйчүүдийн хувьд өгзөгний булчин ихээр хөгжиж, гуяны булчин чангарна. Манайхны дунд дугуй унахаар шилбэ бүдүүрнэ гэсэн буруу ойлголт байдаг. Тэр бол худлаа. Харин хүний хөл хамгийн эхэлж турдаг. Энэхүү дасгал нь гэдэсний таталтын дасгал хийгээгүй байхад хэвлийн булчинд хүртэл хүрч нөлөөлдөг. Хэвлийн булчин маш сайхан тодорч чангардаг. Тэр хүмүүс долоо хоногт гурван удаа л явна. Энэ нь хангалттай. Өдөр бүр ч хичээллэж болно. Фитнесээс бас нэгэн ялгаатай нь хүнийг шууд ядраадаггүй. Алжаал тайлж, стрессийг маш сайхан тайлж өгдөг. Нэг талаараа диско клубт хүмүүс яах гэж ордог билээ яг л түүнтэй адил юм. Мөн хамгийн чухал зүйлсийн нэг нь зөв хооллолтт байдаг. Хэдий хөлсөө урсгаад ядраад дасгал хийгээд замбараагүй идэх юм бол ямар ч дасгал нөлөө үзүүлэхгүй. Яахав жингээ бариад л явж болох ч илүү төгс болно гэвэл үгүй. Ямар ч дасгалын үед давхар заавал хоолондоо анхаарч байж үр дүнд хүрдэг.
-Спининг өөр ямар эерэг нөлөөг үзүүлдэг юм бол?
-Бөгтийж явдаг хүмүүс илүү цэх алхдаг болно. Учир нь дасгал хөдөлгөөн хотойсон байрлалд хийгддэг учраас тэр юм. Нурууны загасан булчин илүү тодорч ирж өгдөг. Эрэгтэйчүүдийн хувьд энэхүү спортоор хичээллэхэд гүзээ их амархан арилна. Учир нь байнга дугуй жийхэд хэвлийн булчин их ажилладаг юм.
Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, сурталчлах нь миний туйлын зорилго

-Таныг гэр бүлийн хүнтэйгээ хамтарч клубээ нээж хамт ажиллаж байгаа гэж сонссон? Гэр бүлээ танилцуулаач?
-Манай улсад спиннинг хөгжөөд брэнд болж байна. Тэгвэл хөдөө орон нутагт энэ спортыг яагаад хөгжүүлж болохгүй гэж хэмээгээд анх гэр бүлийн хүнтэйгээ ярилцаад клубээ байгуулсан. Манай гэр бүлийн хүнийг Нансалмаа гэдэг. Уламжлалт эмчилгээний бага эмч мэргэжлээр төгссөн бариа засал хийдэг эмч хүн бий. Тиймээс бид клубынхээ гишүүдэд дасгал хөдөлгөөнийг заахаас гадна өдөрт бэлтгэл дасгал хийж байгаа бүх үйлчлүүлэгчдэдээ нурууны суултны эсрэг дасгал, бариа, булчин суллах бариа, бүтэн биеийн бариа, хэсэгчилсэн бариа, уламжлалт бариа, бумба тавих гээд бариа заслын эмчилгээ хийдэг. Манай клубын давуу тал бол энэ юм. дасгал хийж байна. Ерөнхийдөө клубын үйл ажиллагаа бол дасгал хөдөлгөөнийг эмчилгээ талаас нь зөв хийлгэхийг зорьж байна. Дасгал болгоны дараа булчинг нь суллаж байна. Энэ нь үйлчлүүлэгчдийг залхаахгүй, эмчилгээ, эрүүл мэнд талаас нь дэмжсэн үйл ажиллагаа юм. Ихэнхи клубууд дасгал хийгдээд дуусдаг бол манайх бүх төрлийн булчинг суллах бариа хийж мөн нэмэлт уламжлалт бариа хийж байгаагаараа үйлчлүүлэгчдээ зөв дасгалыг өгч байгаа юм. Өнөөдрийн байдлаар клубийн гишүүд долоо хоногийн зургаан өдөр битүү дасгалтай байна. Үйл ажиллагаа маань эхэлж байгаа учраас мэдээж сурах зүйл маш их байгаа. Цаашид чанартай зөв үйлчилгээг л үзүүлэхийг зорьж байна даа.
-Танай клубын гишүүд 100 хувь эмэгтэйчүүд байна. Ер нь эрчүүдийг уриалан дуудах чиглэлийн хөтөлбөр үйл ажиллагаа зарласан уу?
-Манайх ер нь яг эмэгтэйчүүдэд зориулж клуб нээгээгүй. Зорилго бол мэдээж нийтийн биеийн тамирыг орон нутагт хөгжүүлэх иргэдийг зөв эрүүл амьдралын хэв маягтай болгох л зорилготой. Гэтэл өөртөө санаа тавьж злубын хаалга татаж байгаа үйлчлүүлэгчид эмэгтэйчүүд болоод байгаа./инээв/ Зөвхөн эмэгтэйчүүдэд үйлчилье гэсэн сурталчигаа бол нэг ч удаа явуулаагүй. Манай уриа бол “Өөртөө анхаарал тавьж байгаа хэн бүхэнд манай хаалга нээлттэй” гэсэн уриа байгаа. Хүн бүрийг өөртөө анхаарал тавь л гээд байгаа юм. Хүн бүрт нээлттэй байгаа. Цаашид долоо хоногийн нэг өдрийг зөвхөн эрэгтэй хүмүүст зориулсан дасгалын өдөр болгоно оо. Ер нь манай эрчүүд илүүдэл жинтэй яваад байхаар чихрийн шижин гээд янз бүрийн өвчнүүдээр өвчлөх нь маш их байдаг. Дэлхийн чиг хандлага таргалалт, буруу хооллолт гэдэг чинь дэлхий нийтийн хүний дайсан юм байна аа гэж үзээд байгаа. Хэрвээ яг тийм өвчлөлд өртөхгүй зөв амьдралын хэвшилтэй болмоор л байвал манайд тодорхой хэмжээгээр хамрагдах нь хувь хүний асуудал болоод байна. Орон нутагт спиннингийг зөвхөн тураадаг эмэгтэйчүүдийн спорт гэж манай эрчүүд хараад байдаг хандлага бий. Энэ бол өрөөсгөл ойлголт шүү. Эрэгтэй хүн өрхийн тэргүүн байж өрх гэр бүлээ эрүүл зөв авч явах нь үүрэг шүү дээ. Гэр бүлээрээ эмнэлэгт биш, эм ууж биш, дасгал хөдөлгөөн хийж эрүүл зөв хооллож идэвхитэй амьдралыг бүрдүүлэх нь чухал гэдэг нөлөөллийн үйл ажиллагааг хийх төлөвлөгөөтэй байгаа.
-Таны хувьд сайн дураараа саажиллтай хүүхдүүдэд зориулж нэг өдөр хичээл орж байгаа гэж сонслоо. Тодруулахгүй юу?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд дотороо оюуны бэрхшээлтэй, хараа сонсголын бэрхшээлтэй, тулгуур эрхтэний бэрхшээлтэй гэж байдаг. Манайх оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг өдрийн цагаар үнэгүй хүлээж авдаг. Үүнийг бас цаашдын зорилгоо болгож байгаа. Одоо 12 хүүхдэд эмчилгээний дасгал хөдөлгөөн зааж байна. Монголын тусгай олимпын хороо, Дэлхийн тусгай олимпын хороо гэж байдаг энэ тусгай олимпын хороо маань оюуны бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгчдэд хандсан спортын үйл ажиллагаа явуулдаг ОУ-ын хороо юм. Энэ хороонд маш олон сайн дурын ажилтнууд байдаг. Оюуны бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг сая сая сайн дурын багш нар ажилчид байдаг. Миний хувьд аймгийнхаа тусгай олимпын салбарыг хариуцаж ажилладаг. Бас сайн дураараа. Спиннингийнхээ боломж бололцоогоор л хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ хүлээж авч үйлчилгээг үзүүлж байгаа. Ер нь сайн дурын ажил багагүй хийдэг. Өнгөрсөн хоёрдугаар сард Говь-Алтай аймагт болсон тусгай олимпын бага насны аварга шалгаруулах тэмцээнд долоон хүүхэд авч явж 14 медальтай ирсэн байгаа. Тухайн үед аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн хамт олон дэмжлэг үзүүлсэн.
-Та өөрөө ямар спортоор хичээллэдэг вэ?
-Би өөрөө Чөлөөт бөхийн спортын хүн. Амжилт айхтар үзүүлээгүй. Ганцаарчилсан спортоос илүү бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх чиглэлийн ажлыг шамдан хийж байгаа. Тиймээс төрийн бус байгууллага, клубээрээ дамжуулан олон нийтэд зөв хандлагыг бий болгож байна. Өнөөдөр БТСГ-гээд маш том байгууллага байна. Энэ газрын заал пиг дүүрэн байгаасай. Дүүрэн хүн үйлчлүүлж байх ёстой. Ямар ч тохиолдолд хөлс үнэртэж байх ёстой гэж боддог. Мөн ЕБС-ийн биеийн тамрын хичээл яг системийнхээ дагуу л явагдах ёстой. Намайг бага байхад л дунд нь нэг бөмбөг хаяад өгчихдөг одоо ч тийм л байгаа. Тэгээд л хэдэн хүүхдүүд бужигнаад тоглож байдаг. Тоглож чаддаггүй хүүхдүүд нь тэнд хараад л сууж байдаг. Биеийн тамир чийрэгжүүлэлт гэдэг бол нэг номерт байх ёстой улс орны асуудал гэж боддог юм. Хүүхдүүд 12 жилийг төгсөхдөө математик, гадаад хэл, физик надад хэрэгтэй юм байна аа гэж төгсөхөөс биш энэ биеийн тамир надад хэрэгтэй юм байна аа гэдэг боловсролыг бид бага өгч байна. Бидний хамгийн чухал салбар бол биеийн тамирын салбар. Биеийн тамирын спорт юм. Хүүхэд бүр, хүн бүр эрүүл чийрэг байж ажиллана, улс орон хөгжинө. Ер нь биеийн тамирын хичээлийн цаг нь маш олон байх ёстой. Ингэж байж л монгол хүмүүс эрүүл байж хөгжинө.
-Орон нутагт нийтийн биеийн тамир хөгжиж байгаа юу? Ер нь яаж хөгжүүлэх вэ?
-Улиастайн хэмжээнд нийтийн биеийн тамир хөгжих маш өргөн боломж байна. Жишээ нь манай эмэгтэйчүүд өглөө болгон гүйж байна, өглөө болгон ууланд гарч байна, өглөө болгон голын хүйтэн усанд орж байна. Өөрсөддөө маш их анхаарч байна. Эрчүүд бас тодорхой хэмжээгээр анхаарч байгаа хүмүүс байна. Энэ эмэгтэй хүмүүс яагаад тэгж өглөө эртлэн босч гүйж усанд орж байна вэ гэхээр тэд нарыг хэн ч бос гээгүй. Би эрүүл байхын тулд надад хөдөлгөөн чухал юм байна аа гэдгийг хараад байна. Тиймээс энэ сэдэл, сонирхол дээр нь яг системтэй нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх л хэрэгтэй санагддаг. Иргэд нь хүсээд байдаг энэ сонирхол хүслийг нь өгдөөгөөд л давалгааг бий болгох хэрэгтэй. Энгийн жишээ яръя л даа манай клубын сарын төлбөр 60,000 төгрөг 130 гаруй хүн хичээллэж байна. Цаана нь явъя гэсэн хүмүүс зөндөө байна. БТСГ-т очоод хичээллэхэд төлбөртэй байдаг үгүйг мэдэхгүй байна. Гэхдээ төлбөргүй хичээллэх боломж зөндөө байдаг байх. Манайх төлбөртэй. БТСГ- маань төлбөргүй гээд бодоход. Тэгэхээр өнөөдөр сагс, гар бөмбөг, теннис гээд спортын төрлийг хязгаарлах биш спортын сонирхолтой төрлүүдийг гаргаж ирж мэргэжлийн багш нарыг дадлагажуулж иргэдэд өдөр бүр сонирхолтой хэлбэрээр заагаад өгчихвөл хүмүүс уйдахгүй залхахгүй аяндаа нийтийн биеийн тамирын давалгааг бий болгож чадна шүү дээ. Угтаа бол төлбөр төлөх шаардлагагүйгээр спортын улсын газруудад хичээллэх, ууланд явах нь зүгээр байгаад байгаа байхгүй юу. Ямар ч төлбөр төлөхгүйгээр эрүүл байгаад байх боломж байна. Манайд яагаад ирж байна гэхээр манайх ерөөсөө л нөгөө сэдлийг нь төрүүлээд сонирхлыг нь татаад байхгүй юу. Хүсүүс хөгжим сонсох дуртай юу. Өнгө өнгийн гэрэлд байх дуртай юу дуртай. Мэдээж энэ сонирхлыг нь дасгал болгоод дадал болгочихвол иргэд яваад л байдаг. Мөн алжаалаа тайлах бариаг нь хийгээд өгчихөөр их дуртай байгаа. Тэгэхээр манай БТСГ-ын багш нар маань иргэддээ яг сэдлийг нь өгөөд зохион байгуулалт менежмент хийчих юм бол ямар ч хүн спортод дуртай. Тиймээс аймгийн спорт хорооноос салахгүй. Гэхдээ манай спорт хорооны гар бөмбөгийн секц бол их мундаг хичээллэдэг юм билээ. Мөн ажлын байран дээрх найман дасгалыг ч үр дүнтэй хийлгэж болох жишээ байна. Өнгөрсөн жил аймгийн нийгмийн даатгал дээр ажлын байрны дасгал зааж өглөө би. Энэ үеэр нэг дасгалыг өдөр бүр биш. Өдөр бүр өөр өөр төрлийн дасгалын хөгжөөнт тоглоом хэлбэрээр үр дүнтэй сонирхолтойгоор хичээллүүлж эхлэхээр хүмүүсийн сонирхлыг их татаж байсан. Байгууллага хамт олноорооо дасгалаа хийх гээд хүлээдэг болсон байсан. Нийтийн биеийн тамирыг шийдэж чадаагүй болохоор спорт хоцрогдоод байна. Алдар спорт хорооны дасгалжуулагч Хосбаяр гээд МУГТ хүн хэлж байсан. “Олноо танай аймгаас маш олон хүүхдүүд гарах боломж байдаг яагаад гэхээр та нар оюуны потинциал сайтай дээрээс нь шөрмөс сайтай гэж. Увсынхан шиг гол бяр биш шөрмөс сайтай гэж ярьж байсан.” Улсын шигшээгийн тамирчдыг харахаар доод тал нь хоёр тамирчин Завханы гаралтай байдаг. Завханы гаралтай хүмүүс зөндөө байж байдаг. Би яг юу хүсэж байна вэ гэхээр орон нутгаасаа өсвөрийн тамирчдыг сайн бэлтгэж гаргах хэрэгтэй. Зөв хичээллүүлэх, урам өгөх, дэмжлэг л хэрэгтэй.
Б.Мягмарсүрэн