Хушаат суманд шинэ суурин, шинэ сум төслийг хэрэгжүүлэх нөхцөл бүрэн бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-06-29 12:14:00
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 30 жилийн ойн баяр тун удахгүй тохиох гэж байна. Ойн хүрээнд сум орон нутагтаа үлдэхүйц, бүтээлч, бодит ажлуудыг тус сумынхан хэрхэн өрнүүлж байгаа талаар очиж сурвалжиллаа.   
Сэлэнгэ аймгийн Хушаат сум нь аймгийн төвөөсөө 100 км зайд оршдог. 543 өрхтэй, 1929 хүн амтай, 76484 толгой малтай, 22 мянган га эргэлтийн талбайтай. Үндсэн үйлдюэрлэл нь газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг. Тус сум мах, сүүний өндөр ашиг шимт казакын цагаан толгойт үхрийг үржүүлж, өсгөдгөөрөө бусад сумдаасаа ялгарах давуу талтай юм. Хушаат сумын малчид энэхүү казакын цагаан толгойт үхрийг сумандаа нутагшуулж, Сэлэнгэ үүлдрийг бий болгон өсгөж, Хушаат сумын тэргүүн эгнээнд яригддаг брэнд аж ахуй болгож чадсан хөдөлмөрч хүмүүс гэдгээрээ илүүрхдэг. Энэхүү казакын цагаан толгойт хэмээх үхэр нь Сэлэнгэ үүлдрийн эцэг үхэр болж яваа аж. Хушаат сум нь Сэлэнгэ аймгийн отгон сумдын нэг. Тус сум 1987 онд дахин байгуулагдаад 1995 онд одоогийн энэ байршилдаа нүүж иржээ. Энэ үед улс орон маань төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас, зах зээлийн эдийн засагт шилжиж байсан шилжилтийн үе тохиож байсан байна. Шинэ сум байгуулагдаж буйтай шилжилтийн үе давхцсан учир сумын хөгжилд нөлөөлж, хийгдэхээр төлөвлөгдсөн бүтээн байгуулалтын ажлууд хойш тавигдаж, тус сумын хөгжил жаахан хоцрогдмол байдалд өдий хүрчээ. Гэвч өнөөдөр сумын цаашдын хөгжил гэрэл гэгээтэй байгааг сумын Засаг дарга олж харсан байна. Тухайлбал  Хушаат сумын нэг давуу чанар нь  маш сайхан тал газар дээр оршдогт байгаа. Энэ нь дөрвөн зүг, найман зовхист тэлж хөгжих бүрэн боломжийг өгч байгаа юм. Энэ давуу талаа ашиглан сумаа хөгжүүлэхийг хүсч байна. Тэрээр:”Манай сумын хувьд хуучин барилга байгууламжаа буулгаад, нураагаад дахин төлөвлөлт хийх явдал огт байхгүй. Яг одоо төлөвлөлтийн дагуу зөв хөгжүүлээд явах юм бол манай Хушаат хот тосгодын дайтай, зөв зохион байгуулалтай, зөв төлөвлөлттэй сум болох бүрэн боломжтой. Энэ утгаараа ч цаашдаа энд шинэ суурин, шинэ сум төслийг хэрэгжүүлэх нөхцөл бүрэн бүрдсэн. Түүнчлэн Дархан-Уул аймагтай ойрхон, зам гүүрийн нөхцөл бололцоо сайтай. Бидний цаашдын мөрөөдөл бол асфальтан замтай болох. Хүний хүсэл хязгааргүй. Хушаат суманд маань  эрчимжсэн МАА, газар тариалан, өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл хөгжих бүрэн бололцоо бий” хэмээн ярьж байна. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагаа хүргэе.

                  
Хушаат сумын Засаг дарга Б.Атартулга:Хушаатчууд бид бүгдээрээ л эрвийх дэрвийхээрээ л сумынхаа бүтээн байгуулалтанд оролцож байна даа
-Сайн байна уу? Сайхан зусаж байна уу? Танай сумын хэмжээнд бүтээн байгуулалтын ажил өрнөөд хүмүүс их л завгүй байгаа бололтой. Их ажлынхаа талаар сонирхуулаач. Ямар ямар бүтээн байгуулалт хаана хаана өрнөөд байна даа?
-Сайн, сайн та сайн байна уу?
-За манай Хушаат сумын түүхт 30 жилийн ой удахгүй болох гэж байна. Хушаат сум БНМАУ гэж байхад байгуулагдсан ч татан буугдаад, дахин байгуулагдсан хамгийн отгон сум гэж нэрлэгддэг. Энэ жил дахин байгуулагдсаныхаа 30 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Энэ их ойгоо угтаж манай Хушаатчууд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг нэлээд хийж байна. Үүний дотор Хушаат нутгийн ард иргэд, энэ суманд үйл ажиллагаа явуулдаг газар тариалангийн компаниуд, хүнсний ногоо тариалагчид, иргэд, малчид гээд бүхий л хүмүүс хандив өргөн оролцож байгаа. Үүнийгээ бид “Хушаат нутгийн хөгжил” ТББ-аараа дамжуулан зарцуулж байна. Бид ой угтаж олон ажлуудыг төлөвлөсөн. Эдгээр ажлууд маань төлөвлөгөөнийхөө дагуу эхлээд хийгдэж байна. Тухайлбал аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийт 110 сая төгрөгийн ажил хийгдэнэ. Энд баяр наадмын талбай буюу цэнгэлдэх хүрээлэн барих ажил 80 сая төгрөгөөр, морь барианы газрыг тохижуулах ажил 10 сая төгрөгөөр, замын сангийн хөрөнгөөр сумын төв рүү орж буй хэсгийн замыг засаж тохижуулах, гүүр барих гээд ажлууд хийгдэж байна. Сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр сумын төв дэх эрчим хүчний шугамыг шинэчлэх, төвийн хэсгийн шугамыг сайжруулах, гудамжны гэрлийг нэмж, сайжруулах, халуун усны барилгын үйл ажиллагааг тогворжуулж, засаж тохижуулах зэрэг ажлууд одоо эд өрнөж байна. Харин “Хушаат нутгийн хөгжил” сангийн хандиваар цуглаж байгаа хөрөнгөөр одоо бидний зогсож байгаа энэ талбай буюу сумын ЗДТГ-ын үүдний талбайг тохижуулж, сумын нэгдсэн төв талбайг байгуулах ажлыг “Гацуурт” ХХК-ийн охин компани болох “Монгол Ангус”, “Скрин” компаниуд нийтдээ 27 сая төгрөгөөр гүйцэтгэж байна. Мөн сумын ёслол хүндэтгэлийн өргөөг “Сэлэнгийн цагаан” компанийн хандиваар өөрсдөө гүйцэтгэгч компаниа олоод хийж байна. Дээр нь иргэдээс цугласан хандиваар сумын төв доторх замыг засахаар бэлэн болсон. Ойгоо угтаж манай сумын иргэн бүр өөрийн амьдарч буй хашаа хороо, хорооллынхоо  зам талбайг тохижуулах, өнгө үзэмж нэмэх ажлуудыг хийж байна. Хушаатчууд бид бүгдээрээ л эрвийх дэрвийхээрээ сумандаа зохион байгуулах бүхий л арга хэмжээнд хандиваараа болон бололцоогоороо оролцож байна даа. Энэ бүх ажлаа ойн өмнө хийж дуусгана.
- Мөн хандив дэмжлэгээ хэрхэн бүрдүүлж байна вэ?
-Бид бүхэн ой угтах ажлынхаа хүрээнд Хушаат сумын уугуул иргэд, Хушаат суманд амьдарч, ажиллаж, хөдөлмөрлөж байсан иргэдийнхээ төлөөлөлийг оролцуулсан нутгийн зөвлөлийн салбар зөвлөлийг Улаанбаатар хот, Дархан-Уул, Сүхбаатар хотдоо байгуулсан. Энэ хүрээнд манай нутагт ажиллаж амьдарч байсан болон өмнөх 1931 оны Хушаат сум байсан үеийн иргэд маань баяр наадмынхаа үйл ажиллагаанд оролцож, Хушаат сум анх 1931 онд байршиж байсан үеийн дурсгалын хөшөөг хийх ажлыг санаачлан байгуулж байгаа. Мөн анхны Хушаат сум байх үеийн дарга нарын нэг Галсанбалдан гуайн хүүхдүүд азарганы түрүү морьдыг, Занданхүү гуайн ах дүүс нийлээд соёолонгийн түрүү морьдыг байлах саналаа өгсөн. Түүнчлэн Хушаат сумын сургууль төгссөн сурагчид төгсөгчидтэйгээ ч уулзсан. Нийт 26 удаагийн төгсөгч байдаг юм байна. Хуучин манайх 9 жилийн сургууль байсан. Сүүлийн 6 удаагийн төгсөгчид, одоогийн 11, 12-р ангид сурч байгаа хүүхдүүд ойдоо сайн үйлсийн аян өрнүүлье. Баяр наамдын талбай болон сум орон нутгийн хог хаягдлыг цэвэрлэе. Дэг журам хөтөчөөр ажиллая гэсэн байгаа. Мөн 20 удаагийн төгсөлт болгон 500 мянган төгрөгийн хандив өргөе гэсэн. Энэ мөнгөндөө таарсан урлаг, спортын арга хэмжээг байлах арга хэмжээ зохион байгуулах гэж байна. Мөн ахмад буурлууд маань бид заавал хандив өргөх ёстой гэсэн сэтгэлээр нэг ахмад 100 мянга гэсэн жишиг болгоод өөрсдөө сайн дураараа хандив өргөж байна. Түүнчлэн аж ахуйн нэгж, малчид маань ч өөрсдийн хийж байгаа үйл ажиллагаатай холбогдуулаад тариаланчид маань тариалангийнхаа талбайтайгаа зохицолдуулаад, малчид малын тоотойгоо уялдуулаад сумандаа хандив өргөх ажиллагааг зохион байгуулж байна. Хандив бүрдүүлдэх ажиллагаа үндсэндээ 60 орчим хувьтай явж байгаа.
-Хушаат сумын хувьд дахин байгуулагдсаныхаа ойг тэмдэглэх гэж байгаа юм байна. Тэгэхээр өмнөх үеийн түүх бас дурсагдаж явах учиртай болов уу. Танай сумаас төрсөн алдартнуудаа дурсаач?
-Хушаат сум маань өөрөө их онцлогтой. Эртний буюу Ардын хувьсгалын үед, Богд хаант засгийн үед тэр үеийн хошуу гэдгээр байж байсан. Дараа нь 1931 онд тариалангийн аймаг байгуулагдахад Хушаат сум байж л байсан. Тэгээд татан буугдаад 1987 онд дахин байгуулагдаж байсан гээд. Иймээс гурван үеийн түүх яригдах, бичигдэх ёстой болж байгаа юм. Тухайлбал Хушаат суманд төрсөн Эрдэнэвангийн хошууны Засаг ноён эрдэнэ засаг хошой чинван М.Намсрай гэдэг хүн манай сумын 6-р багт төрсөн гэсэн бүртгэлтэй байдаг. Мөн Төрийн соёрхолт, зохиолч Д.Сэнгээ гуай манай сумын уугуул хүн. Түүнчлэн манай сумаас хоёр академич төрсөн байдгаараа түүхэнд алдартай. Монгол Улсын хэл шинжлэлийн ухааны гавьяат ажилтан, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор, академич Л.Болд, БНМАУ-ын гавьяат багш, техникийн ухааны доктор, академич С.Батмөнх гээд түүхнэд мөнхөрсөн алдартнууд манай суманд бий. Түүхэнд хоёр академичтэй сум манайхаас өөр бараг байхгүй шүү. Мөн төрийн дээд одон медальтай алдартнууд олон байдаг. Манайд дээр үед тасаг байх үеэс өнөөг хүртэлх газар тариалангийн улсын аваргууд гэхэд 18 байх жишээтэй. Сүхбаатарын болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн хошой одонд Д.Пүрвээ гуай өнөөдөр энх тунх амьдарч байна. Сүүлийн үеийн залуу аваргуудаас Т.Батбаатар, О.Баярдалай гээд ахмадуудынхаа халааг авсан сайнхан залуус төрөн гарч ирлээ. Өнгөрсөн жил бид ихээхэн амжилттай ажилласнаар манай сумаас Улсын сайн малчин олон төрсөн. Түүнчлэн Хушаат сум шинэчлэгдэн байгуулагдаж байх үед ирж ажиллаж байсан Монгол Улсын гавьяат агрономич Ч.Аюур гуай өнөөдөр сумандаа энх тунх амьдарч байна.  Үүнээс гадна бид Хушаат нутгийн өмнөх үеийн түүхийн архив материал дээр тулгуурласан одоо цагийн түүхээ үлдээхээр ном бичих, өмнөх үеийн болон өнөө цагийн бүтээн байгуулалт, алдартан гавьяатуудаа оруулсан кино хийгээд дуусах шатандаа орсон байгаа.
-Танай сумын ой хэдэнд болох гэж байна. Ойн үеэр зохион байгуулагдах үйл ажилгаануудаасаа сонирхуулаач. Сумын өнгө төрхийг харуулсан шинэлэг ямар үйл явдал болох бол?
--Ойн арга хэмжээ 7-р сарын 14-ний өглөө зочид гийчдээ угтан авахаас эхлээд 15, 16, 17-ны өдрүүдэд үргэлжлэн зохион байгуулагдана. Сум орон нутгийн маань ой сумын наадамтайгаа зэрэг болно. Харин сургуулийн ой намар 9-р сарын 9-нд хичээл эхлэх үеэр болно. Саяхан БСШУЯ-ны сайдын тушаал гарч Д.Сэнгээ гуайн 100 жилийн ойг тэмдэглэх болсон. Энэ арга хэмжээг бид зохион байгуулахаар нутгийн зөвлөлийнхөнтэйгээ ярилцсан. Д.Сэнгээ гуайн “Тагтаа” шүлгээс эхлээд асар их зохиол бүтээл байгаа. Бид энэ удаа сумынхаа наадмыг зохион байгуулахдаа наадмын гол ач холбогдол өгдөг хурдан морины уралдааныг уяачдын хооронд үл ойлголцол буюу наадмын үйл ажиллагаанд саад болдог асуудлыг гаргахгүйгээр зохион байгуулахаар төлөвлөсөн. Иймээс бид сумын наадамд монгол адуугаа тусд нь 6 насаараа уралдуулна. Мөн эрлийз морьдынхоо уралдааныг тусд нь 6 насаараа уралдуулна. Бас жороо морьдын уралдааныг ч зохион байгуулна. Сүүлийн үед монгол морьдоо эдлэх, жороо морьдоо уралдуулах ажил хоцроод байгаа. Бид үүнийг хөгжүүлэхийг зорьж байгаа. Ойн арга хэмжээндээ шоу тоглолт болон зөвхөн сумынхаа авьяаслаг иргэдээс бүрдсэн хоёр тоглолтыг бэлтгэж байгаа. Үүнийг бэлдүүлж найруулагч, хөгжмийн багш нар ажиллаж байна. Энэ тоглолтонд сумын хүүхдүүд, өндөр настнууд, төрийн албаныхан, малчид, тариаланчид, ногоочид гээд бүхий л салбарын хүмүүс оролцож байгаа. Мөн хамгийн чухал ажлын нэг бол Хушаат сумаа сурталчлах, сумынхаа түүхийг мэдэх ажил байгаа. Иймээс бид байгууллагууд, ахмадуудын хууч яриа дурсамжийг авч үлдэн архиваа арвижуулах ажлыг хийж байна.
-Танай суманд интернэтийн орчин одоо л бий болж байгаа юм уу даа. Энэ талаараа . . .?
-Манай сумын ганц бэрхшээл нь сүүлд байгуулагдсан. Бүтээн байгуулалт хийгдэж байх үедээ яг зах зээлийн эдийн засгийн шилжилтийн үе таарч байсан учраас төлөвлөсөн бүтээн байгуулалтын ажлууд хийгдээгүй байдаг. Иймээс хөгжил дэвшил арай дулимаг явагдаж иржээ. Сумруу орсон шилэн кабель гэж байдаггүй. 2012 оноос эхлэн бид WIFI, 2015 онд шилэн кабель оруулж ирээд одоо л сумандаа интернэтийн орчин үүсгэх ажлуудыг хийж байна. Мэдээлэл цахилгаан холбооны иргэдэд үйлчлэх цаг гэж байдаг. Үүний санхүүжилтээр энэ WIFI төхөөрөмж суурилуулах тоног төхөөрөмжийн ажил хийгдэж байгаа. Ингэснээр суманд интернэтийн хурд, тоног төхөөрөмж сайжрах нөхцөл бүрдэж байгаа юм. Энэ хийгдсэнээр эхний удаа манай сумынхан нэг жил 8 сарын хугацаанд үнэгүй WIFI ашиглана.  Бид эднийд хүсэлтээ тавьсан юм. Шилэн кабелийн хувьд энэ жилдээ боломжгүй гэсэн. Хараахан сумын бүх өрхүүдэд хүрч үйлчилж чадахгүй юм билээ. Гэхдээ төвийн хэсгүүдэд төр төсвийн байгууллагуудад бүрэн хүрнэ. Харин сумын ЗДТГ-ын орчинд эргэн тойрондоо 100 м цацах юм билээ. Манайх үндсэндээ хоёр давуу талтай. Нэг нь цахилгаан холбооныхоо шугамаар шилэн кабелийг давхар авах, нөгөө нь энэ суурилуулсан төхөөрөмжөөр интернэт ашиглах.
-Сумын төв замуудад шороо буулгасан харагдана. Замаа засах гэж байна уу. Бас гүүр засварлаж байх шиг харагдсан. Шинэ гүүр саяхан ашиглалтанд орж байсан. Одоо засварлах хугацаа нь болсон юм уу?
-Байгаль цаг уурын нөхцөл байдлаас Орхон гол дээгүүр тавьсан гүүр бага зэргийн эвдрэл үүссэн байсан. Үүнийг гүйцэтгэсэн компани нь засварлаж байгаа юм. Манай сум чинь ер дэд бүтэц гэж байхгүй сум шүү дээ. Анхнааасаа сайн төлөвлөгдөөгүй байсан ажил бол дэд бүтэц байлаа. Иймээс бид сум доторх замаа анх удаа засахаар төлөвлөсөн юм. Энд бол сайжруулсан биш. Ерөнхийдөө төв дотроо 2.8 км ердийн зам тавих юм. Харин гүүрнээс төв рүү орох замыг замын сангийн хөрөнгө оруулалтаар, сум доторх замыг сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж гүйцэтгэнэ. 
-Засаг даргын хувьд сумынхаа хөгжлийг хэрхэн төсөөлөн харж байна. Танай сум хөгжлийн хэтийн төлөвлөгөө боловсруулан баталсан гэж та түрүүн хэллээ. Ямар ажил ойрын болоод хэтийн төлөвлөгөөнд тусгагдсаныг сонирхож болох уу?
-Сум орон нутгийн хувьд 2014 онд дөрвөн яамны төлөөлөл ирээд нийт иргэдээс санал асуулга аваад, судалгаа хийгээд явсан юм билээ. Үүн дээр нь суурилаад миний хувьд Засаг даргаар томилогдохдоо ард иргэдээсээ ил захидал илгээж саналыг нь авч, ирсэн санал бодлуудыг нэгтгэн багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлээд мөрийн хөтөлбөрөө боловсруулсан байгаа. Манай сумын төсөвт байгууллагуудын барилга байгууламжууд элэгдсэн, багтаамж муутай байдаг. Үүнийг цаашид засах шинэчлэх ажлууд хийгдэх ёстой. Юуны түрүүнд дэд бүтэц, эрчим хүчний шугамуудыг 100 хувь шинэчлэх, найдвартай сүлжээтэй болгох, дулааны нэгдсэн шугам сүлжээтэй болох гээд нэн түрүүнд хийж гүйцэтгэх ажлууд бий. Мөн төсөвт байгууллагуудын багтаамж, хамран сургалтуудыг нэмэгдүүлэх төлөвлөгөөнүүд хийгдсэн. Дээр нь Хушаат сумыг 2034 он хүртэл хөгжүүлэх хэтийн төлөвлөгөөгөө боловсруулаад батлаад авсан. Үүнийхээ дагуу бүх ажлаа төлөвлөсөн. Урт хугацаанаас гадна богино хугацаанд хийж хэрэгжүүлж болох боломжтой ажлуудаасаа хийгээд явж байна.
-За ингээд ойгоо тэмдэглэж байгаа сумын Засаг дарга танд боломж олгож, сүүлийн асуултыг өөрт тань үлдээе?
-Баярлалаа. Бид бүхэн эртний түүхтэй, төрөлх нутгийнхаа дахин байгуулагдсаны ойг тэмдэглэх гэж байна. Энэ үйл ажиллагаанд манай сумын уугуул, суугуул иргэд бүгдээрээ оролцож, орон нутагтаа залуу халуун насандаа ажиллаж, амьдарч, хийж бүтээж явсан ахмадууд тэдний үр хүүхдүүд хүрэлцэн ирж нутгийнхаа ойдоо өргөн дэлгэр сайхан оролцоорой гэж урья. Хамгийн гол нь ойн арга хэмжээний хүрээнд сум орон нутагтаа бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх, өнгө үзэмжийг сэргээх, тохижилтыг сайжруулах ажлыг олон нийтийнхээ хандивын дэмээр маш олон ажлуудыг хийх нь чухал. Иймээс ард иргэд маань нутгийнхаа ойдоо, бүтээн байгуулалтандаа чин сэтгэлээсээ оролцож, өөрсдийнхөө хийж чадах бүхнийг хийж, нутаг орныхоо ойд сэтгэлийн хандиваа өргөхийг нутгийн зон олондоо уриалж байна. Нутгийнхаа ойгоо бүгдээрээ хамтдаа, бүтээн байгуулалтын их ололттойгоор, баяр баясалтайгаар олуулаа сайхан тэмдэглэхийг Хушаатчууддаа өргөн дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөж байна.
-Их ажлын хажуугаар цаг зав гарган ярилцлага өгсөнд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

Хушаат сум түүхэндээ анх удаа баяр наадмаа хийх цэнгэлдэх хүрээлэнтэй болох нь

Цэлгэр сайхан хөндийдөө асар майхнаа дэрвүүлэнхэн монгол наадмаа хийдэг байсан Хушаатчууд орчин цагийн шинэхэн цэнгэлдэх хүрээлэнтэй болохоор бүтээн байгуулалтын ажилдаа аль хэдүйн оржээ. 30 жилийн түүхэнд анх удаа хийгдэж буй энэхүү ажлыг “Барзгар улаан”-ы өвөрт орших “Энх талын хөндий”-дөө сүндэрлүүлж байлаа. Наадмын талбайн ажлын гүйцэтгэгчээр Дархан-Уул аймгийн Ц.Ням-Отгон захиралтай “Шүүдэр гранд” ХХК ажиллаж байгаа аж. 400 хүний суудалтай, 60х80 харьцаатай энэхүү цэнгэлдэх хүрээлэнгийн ажил одоогоор 40 хувийн гүйцэтгэлтэйгээр явж байгаа бөгөөд наадмын өмнө 7-р сарын 10-нд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Шахуу хугацаатай ажил учраас орон нутгаас хүн авалгүй, мэргэжлийн 17 хүний бүрэлдэхүүнтэй гүйцэтгэж байгаа гэсэн. 
 
Сумандаа хөрөнгө оруулалт хийж буй хандивыг цуглуулж, үр бүтээлтэй зарцуулах ажлыг манай байгууллага хийж байна
“Хушаат хөгжил сан” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, төлөөлөгч Б.Пүрэвсүрэнгээс “Хушаат хөгжил сан” ТББ-ын зүгээс хийж гүйцэтгэж байгаа ажил, ойн хүрээнд цуглаж байгаа хандив тусламжийг хэрхэн зарцуулж байгаа талаар тодруулга авлаа. Тэрээр:
-Бид Хушаат сумынхаа 30 жилийн ойтой холбогдуулан “Хушаат хөгжил сан” ТББ-ыг байгуулсан. Манай байгууллагын гол зорилго нь сумандаа хөрөнгө оруулалт хийж буй хандивыг цуглуулж, үр бүтээлтэй зарцуулах. Миний хувьд энэ байгууллагын удирдах зөвлөлийн гишүүний үүрэгтэйгээр ажиллаж байна. Бид ойгоо тэмдэглэн өнгөрүүлэхээр бүтээн байгуулалтын ажлууд хийх, хөрөнгө санхүү босгох, хандив цуглуулах ажлуудыг нэлээд эрчимтэй явуулж байгаа. Өнөөдрийн байдлаар сумынхаа ойн баяр наадмыг тэмдэглэх наадмын талбайн ажлыг эхлүүлээд явж байна. Энэ ажил маань аймгийн хөрөнгө оруулалтаар 80 сая төгрөгийн өртөгтэйгээр хийгдэж байгаа. Мөн ойтой холбоотой ёслол хүндэтгэлийн өргөөг сумандаа барьж байгуулж байна. Түүнчлэн сумынхаа ЗДТГ-ын үүдний талбайг тэгшилж засаад цементэлж заслаа. Өөр бус зам талбай засаж сэлбэх, гудамж талбайгаа өнгөлөх гээд хүн бүр л гар хумхилгүй оролцож бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна.  Миний хувьд 2016 онд аймгийн ИТХ-д сумаасаа сонгогдож хурлын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажилладаг. Орон нутагтаа нэлээд олон ажлуудыг төлөвлөсөн байгаа. Эхний ээлжинд аймгийн хөрөнгө оруулалтаар наадмын талбай, морь барих газар, замын сангийн хөрөнгөөр бирвазаас наашаа сумын төв хүртэлх замыг 20 сая төгрөгийн өртөгөөр засах, сургуулийн дээврийн засварт 9 сая төгрөг тусгуулсан. Эдгээр ажлууд маань сумын 30 жилийн ойн хүрээнд хийгдэж байна.
“Хушаат нутгийн хөгжил сан” ТББ-ын бас нэг гол ажил бол хандив тусламжаа цуглуулах байгаа. Манайд тодорхой хэмжээний үйл ажиллагаа явуулдаг олон аж ахуйн нэгж бий. Ургац өндөр авч байгаа, үйл ажиллагаа нь тогтворжсон газруудаасаа нэгж га-гаас 5000 төгрөг, малчдаасаа нэг хонин толгойд шилжүүлснээр 500 төгрөг, ногоочдоос нэгж га-гаас 50000 гэх мэтээр хандив цуглуулж байна. Сумын иргэд бас тал талаасаа хөрөнгө санхүүгээ нийлүүлээд сумынхаа ойд нэмэр хандив өгч, бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна. Энд ард иргэд, малчид, тариаланчид, ногоочид, өндөр настангууд нэлээд иэвхитэй оролцож байгаа. Энэ дундаа манайд үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниуд ихээхэн тусламж дэмжлэг үзүүллээ. Тухайлбал “Гацуурт” ХХК 28 сая төгрөг, “Скрин”, “Монгол Ангус” ХХК-иуд нийлээд 28 сая, “Өгөөж Мандал-Уул” ХХК 15 сая, “БНЭХ” компани 9 сая, “Моноагро” 3 сая, “Цэгээн уст” 8 сая гэх мэт. Зарим газрууд хандивандаа бүтээн байгуулалтуудын ажлууд хийж өгч байгаа. “Гацуурт” ХХК гэхэд сумын ЗДТГ-ын өмнөх талбайг цементэлж тохижуулж байна. Бас Улаанбаатар хотын “Тэрхийн оргил” коншракшн 35 сая төгрөгөөр ёслол хүндэтгэлийн өргөөг барьж байна.
Сумандаа баялаг бүтээж, сумын бүтээн байгуулалтандаа хандив өргөж байна
Хушаат сумын баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэгч болох  “Хушаат уран төгөл” ХХК үйл ажиллагаагаа явуулаад 6 жил болж байгаа бөгөөд блок, замын хавтан, боржур зэрэг барилгын материал үйлдвэрлэх, засвар үйлчилгээ, цахилгаан гагнуур, авто засварын ажил эрхэлдэг аж. Эднийх түүхэн ойдоо зориулж сумынхаа угтах, үдэх хаалганы хөшөө, самбарын ажлыг хийж байгаа гэнэ. Энэ жил ой угтсан бүтээн байгуулалтын ажлууд их явагдаж байгаа болохоор борлуулалт сайн байгааг тус компанийн захирал, сумын ИТХ-ын төлөөлөгч М.Сэргэлэн ярилаа. Тус компани блок үйлдвэрлэдэг бөгөөд тээврийн хөлс, ажлын хөлс, материал таталтын зардал зэргээ оруулаад 1000 төгрөгөөр борлуулдаг байна.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ