Хөвсгөл аймаг гурав хоногийн дараа гэрэлтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-07-01 22:45:32
Хөвсгөл/МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд  өнгөрсөн лхагва гарагийн оройн 22 цагаас эхлэн цахилгаан тасарч 3 хоногийн дараа буюу бямба гарагийн 14 цагт  цахилгаан эрчим хүчтэй боллоо.
Тус аймгийн Хөвсгөл Эрчим хүч компани Эрчим хүчний яамтай байгуулсан гэрээний дагуу  онцгой тохиолдолд ашиглах эрчим хүчний нэмэлт эх үүсвэр буюу дизель станцаар Нэгдсэн эмнэлэг, Ус суваг, зэрэг шаардлагатай 1-р зэргийн хэрэглэгчдийг цагийн хязгаарлалттайгаар цахилгаанаар хангаж бусад байгууллагууд өөрсдийн нөөц бололцоогор дизель мотор асаан ажиллаж байв.
Энэ үеэр Мөрөн сумын худагт ихээхэн дараалал үүсгэж байсан төдийгүй дэлгүүрүүдэд цэвэр ус хамгийн их гүйсэн гэнэ. Мөн цаг агаар 30 градус давж халж байсан тул зарим байгууллага аж ахуйн нэг цахилгааны эх үүсвэр моторыг худалдааны төвүүдээс 600 мянгаас дээш үнэтэйгээр худалдан авч хэрэглэж байлаа.
Хөвсгөл, Булган аймгийн нутаг дэвсгэрт хүчтэй салхи шуурч, аянга, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орсны улмаас Эрдэнэт–Булганы 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд томоохон хэмжээний гэмтэл гарсан. Байгалийн онц аюултай үзэгдлийн улмаас 56.4 км-ийн урттай шугамд 14 төмөр бетон тулгуур хугарч унан, Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөлаймаг гурван өдөр тог цахилгаангүй байсан бөгөөд  Эрчим хүчний сайд П.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Булган аймагт, гэмтэл гарсан газар нь дээр ажиллаж, шуурхай арга хэмжээ авсны үр дүнд хоёр өдрийн дотор шугамын гэмтлийг засварлаж, хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчинд холболоо.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ