Сүхбаатар аймгийн бэлчээр нутгийн 80 хувь нь доройтжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-07-03 16:18:21
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Швейцарийн хөгжлийн агентлагийн "Ногоон алт" төсөл Сүхбаатар аймгийн зургаан суманд хэрэгжихээр боллоо. Монгол орны нийт газар нутгийн 65 хувь нь унаган төлөв байдлаасаа өөрчдлөгдөж, доройтсон байдаг бол Сүхбаатар аймгийн бэлчээр нутгийн 80 хувь нь доройтжээ. "Ногоон алт" төсөл хэрэгжсэнээр энэхүү бэлчээрийн доройтлыг бууруулна хэмээн албаныхан үзэж байгаа юм.
 
“Ногоон алт төсөл нь үнэхээр цаг үеэ олсон ажил болон хэргжих гэж байгаад баяртай байна. Бэлчээрийн доройтол үүсээд байгаа энэ үед бэлчээр нутгаа авч үлдэх, зүй зохистой ашиглах, малчдад бэлчээр ашиглалтын талаар зөв мэдээлэл хүргэх, улмаар малын үр ашгийг дээшлүүлэх, үүнийгээ дагаад малчдын орлого нэмэгдэх гээд олон талын ач холбогдолтой. Төслийг үр дүнтэй болгохын тулд сум орон нутгийн удирдлага, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүд, багийн дарга, иргэд малчдын төлөөлөл гээд хүн бүрийн үүрэг оролцоо чухал. Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт бэлчээрийн зүй зохистой ашиглалт, бэлчээрийн доройтлыг үе шаттайгаар бууруулах талаар тодорхой ажлууд тусгагдсан. Үүнийгээ бид энэхүү төсөлтэйгөө хослуулан ажил хэрэг болгоод явах болно. Ингээд дөрвөн жилийн дараа тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна...” хэмээн аймгийн засаг дарга З. Энхтөр төслийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцлов.

"Ногоон алт" төсөл нь сүүлийн 10-аад жил баруун бүсийн аймгуудад амжилттай хэрэгжсэн. Үүнтэй холбоотойгоор эдгээр аймгуудад гарсан үр дүн, туршлагыг төвийн болон зүүн бүсийн аймгуудад түгээн дэлгэрүүлэх ажлыг өнгөрсөн жилээс эхлүүлсэн байна. Энэ ажлыг Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо хариуцан ажиллахаар болжээ.

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг хэлэхдээ “Төслийн хүрээнд аймаг сумдын бэлчээрийн менежментийн ажлыг хэсэгтэй нягт хамтран ажиллаж, бидний зүгээс мэргэжлийн арга зөвлөгөө өгөх болно. Төсөл маань хөрөнгө оруулалтаас гадна хөгжлийн бодлогоруу чиглэсэн төсөл байдаг. Тиймээс санхүүгийн зарим нэг дэмжлэгүүдийг үзүүлнэ. Үүнд хэрэглээний урсгал зардлууд, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, баруун аймгуудруу биечлэн туршлага судлах аялал зохион байгуулах, бэлчээрийн менежментийн талаар мэргэшсэн, туршлагатай хүмүүстэй уулзалт хийх зэрэг ажлуудыг нэрлэж болно. Мөн бид энэ хугацаанд малчдын дундын сан, малчдын бичиг төслүүдийг дэмжиж ажиллана. Энэ чиглэлээр мөн баруун аймгуудад гарсан үр дүн маш их бий. Үүнийг Сүхбаатар аймагт хэрэгжүүлэх, нутагшуулахыг зорьж байна...” гэв.

Ногоон алт төсөл Эрдэнэцагаан, Түвшинширээ, Баяндэлгэр, Сүхбаатар, Түмэнцогт, Халзан гэсэн зургаан суманд хэрэгжинэ. Эдгээр сумдыг ургамлын гарц, бэлчээр ашиглалтын байдал, газар нутгийн байршил зэрэг хэд хэдэн судалгааны үндсэн дээр сонгосон байна.
Т. Одончимэг 
Холбоотой мэдээ