Хятадын “Sinochem” компанийн захирал авлигын хэрэгт холбогджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-07-06 13:07:09
БЭЭЖИН./TASS/. Хятадын төрийн мэдлийн “Sinochem Group” корпорацийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан Цай Сию авлигын хэрэгт холбогдсон тул түүнийг Хятадын Коммунист намаас хөөж, эрхэлж байсан бүх албан тушаалаас нь огцруулсан байна. Пүрэв гарагт нийтлэгдсэн ХКН-ын Сахилга батын төв комиссын мэдээлэлд дурдсанаар, түүний хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Цай Сию нь намын сахилга батыг зөрчиж, улсын өмч хөрөнгийг хувийн зорилгодоо ашигласнаас гадна өөрийн ойрын хүрээний хүмүүс болон хамаатан саднуудаа албан тушаалд томилж байсан байна. Тэрбээр гуравдагч этгээдүүдийн эрх ашгийн үүднээс албан тушаалаа урвуулан ашиглаж, үүнийхээ төлөө тэднээс үнэт зүйлс болон мөнгө авч байжээ.  

Сахилга батын комиссын шийдвэрээр “Цай Сиюгийн хууль бусаар олж авсан өмч хөрөнгийг хураан авчээ”.

ХКН-ын гишүүн нөлөө бүхий өндөр албан тушаалтнууд гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд эхлээд нам дотор мөрдөн шалгалт явуулдаг бөгөөд үүний дараа Сахилга батын төв комисс хэргийг шүүхэд шилжүүлдэг байна.

Sinochem корпораци бол хөдөө аж ахуйн зориулалттай химийн бүтээгдэхүүн, үр, бордоо импортлогч Хятадын хамгийн том компани бөгөөд газрын тосны салбарт өөрийн гэсэн хөрөнгөтэй ажээ. 

Х.Сарнай




 
Холбоотой мэдээ