“Рио-2016”-гийн зохион байгуулагчид ОУОХ-оос тусламж хүсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
sarnai@montsame.mn
2017-07-06 13:44:05
РИО-ДЕ-ЖАНЕЙРО./TASS/. Өнгөрсөн оны 8 дугаар сард Бразилын Рио-де-Жанейро хотод болсон Олимпын наадмыг зохион байгуулагчид 130 сая реал буюу 40 сая долларын өрөө барагдуулахын тулд Олон улсын Олимпын хороонд /ОУОХ/ хандан тусламж хүсчээ. Энэ тухай "Рио-2016"-гийн зохион байгуулах хорооны олон нийттэй харилцах албаны захирал Марио Андрада мэдэгдлээ.

Түүний хэлснээр, зохион байгуулах хорооны дарга Карлос Артур Нузман ирэх долоо хоногт Швейцарьт очиж, уг асуудлыг ОУОХ-ны төлөөлөгчидтэй хэлэлцэх байгаа ажээ. 

Сануулан дурдахад, 6 дугаар сарын дундуур Бразилын Спортын яамны дэргэдэх Олимпын өвийн менежментийн агентлагаас гаргасан мэдээлэлд “Риогийн Олимпын зардал 43,2 тэрбум реал буюу 13,2 тэрбум долларт хүрсэн” тухай дурдсан байна. Гэтэл 2009 онд Олимпын зардлыг 8,78 тэрбум доллароор тооцож байсан аж. Зардал хэтэрсэн нэг шалтгаан нь Олимпод зориулан барьсан цэнгэлдэх хүрээлэнгүүдийг түрээслэн ажиллуулах компаниуд олдох хүртэл тэдгээр байгууламжуудыг арчлан хамгаалахад гаргаж буй зардалтай холбоотой юм.

Түүнээс гадна “Рио-2016”-гийн зохион байгуулах хорооны зардал 2,8 тэрбум долларт хүрсэн байна.

Рио-де-Жанейро хотын эрх баригчид санхүүгийн гүнзгий хямралтай тэмцэж буй энэ үед Олимпын зардал хэтэрсэн тухай дээрх мэдээлэл нийтлэгджээ. Хотын парламент өнгөрсөн оны 6 дугаар сард тогтоосон эдийн засгийн онц байдлын дэглэмийг 2018 оныг дуустал сунгах тухай шийдвэрийг дэмжсэн байна.
Х.Сарнай



Холбоотой мэдээ