БСШУ-ны сайд хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв

Монголын мэдээ | Боловсрол
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 16:38:57

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан БСШУ-ны сайд Л.Гантөмөр мэндчилгээ дэвшүүлжээ. Л.Гантөмөр сайдын мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын боловсролын салбарын чанарыг багш, оюутан, сурагч, хүүхэд нэг бүрийн хөгжлөөр батлан тодорхойлж, өндөр үүрэг, хариуцлагатай ажиллаж буй хамт олондоо 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлж, Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны нэрийн өмнөөс болон хувиасаа энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье.

Хүн төрөлхтний хөгжлийн гарц нь мэдлэгийн нийгэмд шилжиж, мэдлэг шингэсэн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гарган мэдлэгийн эдийн засгийг бэхжүүлж чадсан улс орон хөгждөг тийм цаг үе ирлээ. Иймээс Боловсролын чанарын шинэчлэлийн бодлогын алсын хараа, эрхэм зорилгыг ХҮҮХЭД бүрийг өөртөө итгэлтэй, бүтээлч, шийдвэр гаргах чадвартай иргэн болгон төлөвшүүлж, мэдлэгт суурилсан нийгмийг бүтээн байгуулах Дэлхийд өрсөлдөх "МОНГОЛ ХҮН"-ий төлөө хэмээн тодорхойлон хэрэгжүүлж байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллагаас 2015 оны 5 сард Тогтвортой хөгжлийн 4 дүгээр зорилтын хүрээнд боловсролын форумыг зохион байгуулж 2030 он хүртэлх Дэлхийн боловсролын алсын харааг "Нэгдсэн зорилго, хүсэл эрмэлзэлтэй, хүн бүрт хүрсэн боловсролын хөтөлбөрийг боловсруулна." хэмээн Инчеоны тунхаглалаар тодорхойлсон. Мөн "Чанартай боловсрол нь бүтээмж болон мэдлэгийг дэмжин хөгжүүлж, бичиг үсэг, математикт суралцахтай ижил задлан шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх, танин мэдэхүйн чадвар, хувь хүний хөгжил буюу ХҮН болж төлөвших харилцааны чадваруудыг хөгжүүлдэг" гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Үндэсний болон дэлхийн нийтийн боловсролын алсын хараа, бодлогын дагуу бид 2015-2016 оны хичээлийн жилд үндэсний түвшинд хүүхэд бүрийг хөгжүүлэх бага боловсролын цөм хөтөлбөрийг улам батжуулан, сургуулийн өмнөх болон суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг сургууль, цэцэрлэг бүр дээр амжилттай хэрэгжүүлэх түүхэн хариуцлагатай үе ирээд байна.

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын байгууллагын удирдлага, багш, ажилтан, эрдэмтэн судлаачид, эцэг эх, асран хамгаалагчид "хүүхэд аз жаргалтай, баяр баясгалантай, дуртай, хөгжилтэйгөөр суралцах үйлд оролцсон тэр үед өөрсдийн бүхий л боломж, чадвараа дайчлан илүү бүтээлчээр суралцдаг" гэдгийг өдөр бүхэн санаж хамтран ажиллахыг та бүхнээс хичээнгүйлэн хүсч байна.

Дээд боловсролын байгууллагын удирдлага, эрдэмтэн, багш, ажилтан, ажиллагсад "ур чадвартай залуу үе, ард түмэн, тэдний мэдлэг, тасралтгүй суралцах чадвар нь тогтвортой хөгжил, эдийн засгийн нөөцийн хамгийн чухал хүчин зүйл, үр ашиг, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх үндэс" хэмээн харж сургалт, судалгаа, инновацийг хөгжүүлэх ажилдаа эзэн болж, үр бүтээлтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Боловсролын салбарын бүтээлч, оюунлаг, ажилсаг, эвсэг хамт олон Монгол улсын хөгжлийн хурдасгуур, манлайлагчид байгаад тань талархаж, эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсэн ерөөе.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Лувсаннямын ГАНТӨМӨР 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд