Архангай аймгийн Өндөр-Улаан сум эсгийний үйлдвэртэй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-07-07 18:26:58
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Өндөр-Улаан суманд эсгийний үйлдвэр ашиглалтад оржээ. Үйлдвэрийг сумын уугуул Г.Ариунбаатар, М.Мөнхбаяр нар хамтран эхлүүлсэн байна. Тэд үйлдвэрийн тоног төхөөрөмжөө 25 сая төгрөгөөр авсан бөгөөд эсгий үйлдвэрлэлээ эхлүүлэхээр сумын Сум хөгжүүлэх сангаас 10 сая төгрөгийн зээл авчээ.
Тэд өөрсдөөсөө гадна хоёр ч хүнийг ажлын байраар хангаж байгаа гэнэ. "Эсгий 5,2 м урттай, чанар сайтай ба нэг бүрийн үнэ нь 47,000 төгрөг. Сум орон нутагт борлуулалт сайн. Цаашид энэ хэвээр үргэлжилбэл үйлдвэртээ ажилчин нэмж авна" хэмээн залуус ярьж байлаа. Г.Ариунбаатар, М.Мөнхбаяр нар эсгийний үйлдвэрлэлээ тогтмолжуулах үүднээс төлөөлөгчийн эрх авч малчдаас хонины ноосыг зах зээлийн үнээр авдаг байна. Өнөөдрийн байдлаар өдөрт 10 эсгий гаргах хүчин чадалтай ч ноосны хэмжээнээс хамааран 3-4 эсгий хийж байгаа аж.
Уг эсгийний үйлдвэр нь сумынхаа иргэдийн эсгийний хэрэглээг бүрэн хангаад зогсохгүй Улаанбаатар хотын эсгийний худалдааны газруудтай гэрээ байгуулжээ.
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ