Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авьяасыг нээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУрлагийн бүх төрлийг хамарсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “ Хатан дуулал-2015” урлагийн наадам улсын хэмжээнд анх удаагаа энэ сарын 5-7-ны өдөр болох гэж байна.
Наадмын гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн идэвхийг сэргээх, оролцогчдын дундаас шалгарагсдаас сонгон хамтлаг байгуулах юм гэж “Хатан дуулал” ТББ-аас мэдээллээ. Хөгжим урлагийн сургуулийн дууны урлагийн тэнхмийн багш, наадмын шүүгч МУГЖ Ч.Насантогтох “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд авъяаслаг, ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч олон бий. Тэднийг нээн илрүүлж, сурталчлах ажил хоцорсон. Жилд нэг удаа болдог Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах өдрөөр тэдний дунд ажил зохион байгуулаад өнгөрдөг. Харин энэ урлагийн арга хэмжээгээр дамжуулан нийгмийн сэтгэл зүйд зөв ойлголт өгөх ач холбогдолтой” гэдгийг онцлов.
Бай шагналын хувьд гранпри байр нэг сая, тэргүүн байр 500 мянга, удаах байр 400 мянга, гутгаар байрын эзэнд 300 мянгын шагнал тус тус гардуулах юм. Одоогоор хот хөдөөгийн 100 гаруй авъяаслаг иргэн оролцохоор бүртгүүлжээ. Оролцогчид дуу хөгжмөөс эхлээд уран уншлага, жүжигчилсэн тоглолт, ардын урлаг зэрэг төрлөөр өрсөлдөнө. Хатан дуулал наадам анх 1992 онд зохиогдож байжээ.
Э. Энхсайхан
Гэрэл зургийг Б. Батбаяр
Сэтгэгдлүүд