Н.Мөнхбаяр: Нийгмийн даатгал төрийн үйлчилгээг жинхэнэ эздэд нь хүргэдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-07-14 14:42:54
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан-Уул аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн Даатгалын хэлтсийн дарга Н.Мөнхбаяртай ярилцлаа.

-Аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс хэчнээн албан хаагчидтай ямар ямар чиглэлийн үйлчилгээг даатгуулагчдад үзүүлж байна вэ? Танай хэлтсийн бүтэц бүрэлдэхүүний талаар иргэд бас мэдэж байх ёстой байх?
 
-Дархан-Уул аймгийн ЭМНДХ хэлтэс нь ЭМНДЕГ-ын даргын 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн А/03 тоот тушаалаар батлагдсан орон тооны хүрээнд нийт таван тасаг, 46 орон тоотойгоор ажиллаж байна. Үүнд: Дотоод хяналт шалгалтын баг, Өмч хамгаалах байнгын зөвлөл, Ёс зүйн асуудал эрхэлсэн зөвлөл, Баримт бичиг нягтлан шалгах комисс, Ахмадын зөвлөл, Байгууллагын биеийн тамир, спорт хамтлаг, Нийгмийн асуудал хариуцсан комисс, ISO9001:2015 хэрэгжүүлэх баг, Соёл олон нийтийн асуудал хариуцсан комиссыг байгуулж албан хаагчдынхаа идэвх санаачлагыг өрнүүлж  даатгуулагчдад түргэн шуурхай  үйлчилж байна. Бид өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар Нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжаар 38872,9 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 39781,0 сая төгрөгийн орлого төвлөрүүлж 908,1 сая төгрөгөөр давуулж төлөвлөгөө 102,2 хувьтай биелэгдсэн. Харин энэ оны эхний улиралын байдлаар 9324,2 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 9789,0 сая төгрөгийн орлого төвлөрүүлж төлөвлөгөөний биелэлт 105 хувьтай байна. Үүнийг дотор нь ангилвал: Тэтгэврийн даатгалын сангаас 13199 тэтгэвэр авагчдад 13038,8 сая, Тэтгэмжийн даатгалын сангаас 2105 даатгуулагчид 728,4 сая, ҮОМШӨ-ний даатгалын сангаас 829 даатгуулагчид  982,6 сая, Ажилгүйдлийн даатгалын сангаас 148 даатгуулагчид 279,8 сая, ЭМД-ын сангаас 29732 иргэд даатгуулагчид 1562,4 сая төгрөгийг эмчилгээ үйлчилгээний зардалд тус тус олголоо. Ажил хөдөлмөр эрхлээгүй 2283 иргэн эрүүл мэндийн даатгалд хамруулахаас 4203 иргэн буюу 150 хувь, Малчин 241 иргэн эрүүл мэндийн даатгалд хамруулахаас  347 иргэн буюу 144 хувь, Оюутан суралцагчид 445 эрүүл мэндийн даатгалд хамруулахаас 663 буюу 149 хувиар хамруулж эрүүл мэндийн даатгалын санд 171.3 сая төгрөгийн орлогыг тус тус хуримтлууллаа.
 
-Аймгийн хэмжээнд нийт   хичнээн иргэдэд  эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах орчныг бүрдүүлэн өгсөн вэ?
 
-Аймгийн хэмжээнд нийт  51069 иргэнд  эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь төрөөс хариуцан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрх зүйн орчныг бүрдүүлэн ажиллаж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагын хувьд гэвэл  өнгөрсөн оны 10 дугаар сарын нэгний байдлаар 608 ажил олгогчийн 4015,7 сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн авлага үүссэн учраас ажил олгогчдод тавих шаардлагыг өндөржүүлж өр авлагыг жилийн эцэст 2929,9 сая төгрөгт хүргэн бууруулсан. Авлагын дүнг эзлэх хувиар харуулбал: Шарын гол ХК  877,1 сая төгрөгийн авлага  29,9 хувь, “Дархан-Ус суваг” ХК -ийн 326,2 сая төгрөгийн авлага 11,1 хувь, “ДДС” ХК-ны  125,9 сая төгрөгийн авлага - 4,2 хувь, ДЦСтанц ХК 185,0 сая төгрөгийн авлага -6,3, Эрэл цемент ХК-ний 178,8 сая төгрөгийн авлага -6,1 хувь эдгээр нь нийт өр авлагын 57,7 хувийг эзэлж  байна.
 
-Эрүүл мэнд нийгмийн даатгалын байгууллагад аймгийн Аудитын газраас 2016 онд шалгалт хийсэн. Ямар ямар зөвлөмж өгсөн вэ? Түүнийг хэрхэн яаж хангаж ажиллаж байна вэ?
 
-Аймгийн Аудитын газар нь 2016 оны байгууллагын үйл ажиллагааны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийсэн. Аудитаар  таван зөвлөмж, нэг албан шаардлага авсан. Аудитаар “Зөрчилгүй санал дүгнэлт”-тэй гарсан. “Далайван Аудит” ХХК нь нийгмийн даатгалын сангийн жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийсэн. Өнгөрсөн онд тэтгэврийн даатгалын сангаас иргэн С.Мөнхбаярт, хөгжлийн бэрхшээтэй тэтгэвэрт 30,7 сая төгрөгийн тэтгэврийг бөөн дүнгээр олгосон нь “Нийгмийн даатгалын сан”-гаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 26.1 дэхь заалтыг зөрчсөн нь үнэн зөв байдал гэсэн батламж мэдэгдлийг хангахгүй байна гэж үзээд “Хязгаарлалттай санал дүгнэлт” өгсөн. Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба  2017 оны 03 дугаар сарын 20-нд тус хэлтсийн үйл ажиллагааны 2015-2016 оны тайланд хяналт шалгалт хийж улсын байцаагчийн зургаан актаар 11618,0 мянган төгрөг тогтоож энэ оны тавдугаар 15-ны дотор барагдуулахыг үүрэг болгосоныг гүйцэтгэсэн.
 
-Ийм шалгалт сумдын хувьд ямар вэ? Зөрчил дутагдал хэр зэрэг гарсан бэ? Сумдын иргэд уулзалт хэлэлцүүлэг хийх үеэр элдэв янзын санал гомдол багагүй гаргаж байгаа нь харагддаг?
 
-Аймгийн хэмжээнд дөрвөн сумын нийт 13719 тэтгэвэр авагчийн хувийн хэргийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгахаас 13719 тэтгэвэр авагчдын тогтоолтыг тэтгэврийн программын мэдээлэл болон хувийн хэрэгтэй нь тулган шалгаж, ажлын гүйцэтгэл 100 хувь буюу 5.0 онооны үзүүлэлттэй шалгагдсан. Тэтгэврийн хувийн хэрэг материалыг нягтлан шалгахад үндэслэлгүй баримтаар тогтоосон, хуулийн заалт буруу хэрэглэсэнээс дөрвөн хүний  4857271 төгрөгийн тэтгэврийг тус тус төлүүлэх, 9 хүний 4786093 төгрөгийн тэтгэврийг нөхөн олгохоор шийдвэрлэж ажиллаа. Мөн дөрвөн тэтгэвэр авагчтай холбоотой 159408900 төгрөгт улсын байцаагчийн акт тавигдсан. Нийт 206 даатгуулагч банкаа сольсон байна. Үүнд: Хаан банк-127, Төрийн банк-23, Чингис хаан банк-46, Капитал банк-10 зэрэг тоо гарсан. 
 
-Албан хаагчдаа хөгжүүлэх тэдэн рүү чиглэсэн ямар ямар сургалт, арга хэмжээг явуулж байна вэ? Хуулиудад байнгын нэмэлт өөрчлөлт орж тэдгээрийг хэрэглэх арга замыг мэдүүлэх талаар юу хийж байгаа бол?
 
-Нүүдлийн хурлыг улирал тутам хийдэг Шарын гол болон сумдад зохион байгуулж алслагдсан сумын иргэдэд байнга сургалт зохион байгуулж байна. 2017 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд төлөвлөгөө гаргаж нийт албан хаагчдад “Хувь хүний манлайлал", “Илтгэх урлаг ба багаар ажиллах чадвар”, “Бие хүний хандлага чухал болох нь”, “Албан хэрэг хөтлөлт найруулга зүй”, “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг  болон хөрөнгө,орлогын мэдүүлгээ хэрхэн оруулах, мэдүүлэг өгч буй албан хаагчдын түгээмэл алдаа, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сургалтуудыг шат дараатай зохион байгуулж ур чадвар, мэдлэг боловсролыг нь дээшлүүллээ.
 
-Хөдөөгийн сумдад Дархан хотын төвд байгаа багуудад хийдэг уулзалтад УИХ-ын гишүүд оролцож байгаа харагдсан. Ер нь мэдээллээ уулзалтуудаас гадна ямар хэлбэрээр хүргэдэг вэ?
 
-УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Н.Номтойбаяр, Б.Жавхлан нарын иргэдтэй хийсэн найман удаагийн уулзалтад оролцож Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомжийг сурталчиллаа. Манайх хэлтэсийнхээ албан ёсны цахим хуудас сайтаа шинэчилж иргэд даатгуулагч, ажил олгогчдод цаг алдалгүй түргэн шуурхай мэдээ мэдээлэл тогтмол хүргэн ажиллаж байна. Мөн дотоод сүлжээний мессенжер буюу инбит эрх өнгөрсөн онд нийт есөн байцаагч эрх нээн ажиллуулж байсан бол энэ онд 39 байцаагчид нээж өгч, нэр хаяг, нэршлийг стандартын дагуу болгон өөрчилж шинэчиллээ. Түүнчлэн тэтгэвэр авагчид мэдээлэл өгөх, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр иргэдийг шуурхай мэдээллээр хангаж сурталчлах зорилгоор орон нутгийн дөрвөн телевизүүдтэй хамтран ажиллаж, мэдээ мэдээллийг олон удаагийн давтамжтайгаар иргэдэд шуурхай хүргэн ажиллаж байна.
 
-Иргэд даатгуулагчдад түргэн шуурхай, хүнд сурталгүй үйлчилгээг үзүүлэх нь төрийн албан хаагчдын үүрэг байдаг. Энэхүү үүргээ та бүхэн хэрхэн биелүүлж ямар ямар хөнгөлөлт үзүүлдэг вэ?
 
-Албан хаагчдын санаачлагаар зорилтот бүлгийн иргэдэд ЭМД-ын дэвтэр үнэ төлбөргүй олгох ажлыг тогтмол зохион байгуулж ирлээ. Мөн цайны цаггүй ажиллах санаачлага гаргаж энэ оны гуравдугаар сарын нэгнээс эхлэн хэрэгжүүлж байна. Хөнгөлөлттэй олгодог эмийг иргэд, даатгуулагчдад тэгш хүртээмжтэй олгох зорилгоор Аймгийн Ахмадын хороо, Эрүүл Мэндийн газар, Эмийн холбоо, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ахлагчдыг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж хэлэлцүүлгийн дүнд хамтран ажиллах ажлын хэсэг байгуулж энэ онд хийх зорилтоо тодорхойлж ажлын төлөвлөгөөгөө гаргаж эмийн хөнгөлөлтөөр олгох эмийн шинэлэг хэлбэрээр зохион байгуулан олгож элдэв чирэгдлийг арилган ажиллаж байгаа.
 
-Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх зорилгоор УИХ, ЗГ, ХНХЯ-наас хууль эрх зүйн орчныг сайжруулах, иргэдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн ямар ямар хуулийг шинэчлэн найруулсан вэ?
 
-Нийтэд захрлагдсанаар 60, түүнээс дээш настай эрэгтэй, 55 түүнээс дээш настай эмэгтэйчүүдийг хамруулсан “Ахмад настны тухай хууль”, Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай зэрэг хуулиудыг шинэчлэн найруулж батлуулсан. “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”-д цэргийн алба хаагч энгийн байгууллагад ажилласан нэг жилээ цэргийн байгууллагад зургаан сар ажилласнаар шилжүүлэн тооцуулж тэтгэвэр тогтоолгох боломжийг нээж өгсөн. Мөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нь 1995-2016 онд тасарсан малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлийн тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 10 хувиар тооцож нэг удаа нөхөн төлөх эрхтэй. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч нь 1995-2016 оныг бүрэн хамруулан төлбөл нэг удаа 1,9 сая төгрөг, харин 2001-2010 оныг хамруулан нөхөн төлбөл 727,3 мянган төгрөг тус тус төлөхөөр зохицуулагдсан.
 
-Сайн дураараа даатгалд ямар хүмүүс хамрагдах ёстой вэ? Малчид болон хөдөлмөр эрхлээгүй иргэд яах ёстой бол?
 
-“Малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль” 2018 оны нэгдүгээр сараас эхлэж хэрэгжинэ. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдийн хөдөлмөрийг бодитой үнэлэхийн зэрэгцээ малчдын тэтгэвэрийн насыг таван жилээр наашлууллаа. “Эх олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд тэтгэмж олгох тухай хуулийг мөн л 2018 оны нэгдүгээр сараас эхлэж хэрэгжүүлнэ. Тэтгэвэрийн зээлийн хүүг бууруулж иргэд тэтгэвэрээ урьдчилж хүүгүй бас өөрсдөө банкаа сонгодог боллоо. Арван нэр төрлийн 30 эм бэлдмэлийн үнийг эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хөнгөлсөн. Манай хамт олон нийгмийн даатгалынхаа бусад сангуудыг бүрдүүлэхээр ажлаа хуваарын дагуу гүйцэтгэн ажиллаж байна.
                                                                                                                                                       Б.Норовсамбуу
Холбоотой мэдээ