Д.Oлонбаяр: Aжил олгогчид ажиллуулж ч, амрааж ч чаддаг байх ёстой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-07-15 10:46:51
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан-Уул аймаг дахь Дархан-Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХК-ийн дэргэдэх Үйлдвэрчний Эвлэлийн хорооны дарга Д.Олонбаяртай ярилцлаа.

-ДСЦТС ХК нь Дархан, Сэлэнгэ аймаг бүтнээрээ, Төв аймгийн хойд талын таван сум нийт 29 сум суурин газарт 220 гаруй мянган хүн амыг цахилгаан эрчим хүчээр ханган үйлчилж байгаа том байгууллага. Байгууллагын удирдлагатай ҮЭ-ийн хороо  хамтын гэрээ байгуулан ажиллаж байгаа. Хамтын гэрээний талаар тодруулж ярихгүй юу?
-Манай цахилгаан түгээх сүлжээ компани нь 428 ажиллагсадтай, бүгдээрээ үйлдвэрчний эвлэлийн гишүүд. Бид энэ оны эхний улиралд компанийн захиргаатай шинэ оны хамтын гэрээгээ байгуулж мөрдөн ажиллаж байна. Хамтын гэрээндээ бид ажиллагсдын нийгмийн асуудал, цалин хөлс, хуулиар зохицуулагдаагүй бусад асуудлуудыг тусгаж батлаад ажиллаж байна. Манай үйлдвэрчний хороо 1967 онд анх байгуулагдсан учир энэ жил 50 жилийн ой тохиож байна. Бид нийт хамт олноо төлөөлж хамтын гэрээ байгуулж үүгээрээ дамжуулж цалин хөлс нэмэгдэл урамшуулал, хөнгөлөлт, тусламж, тэтгэмж нөхөн олговор зэргийг харилцан тохиролцож жил бүр шинэчлэн өөрчилж байгуулаад ажилладаг. Жилийн эцэс, хагас жилээр гэрээгээ дүгнэж гарсан үр дүнг нь нийт хамт олонд мэдээлж танилцуулж ирлээ. Энэ он бол манай эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 95 жил, Монгол Улсад үйлдвэрчний эвлэл байгуулагдсаны 100 жил, манай үйлдвэрчний хорооны 50 жилийн ой тохиож байгаа онцлог жил. Эдгээрийг угтаж манай хорооноос олон ажлыг хамтын гэрээнд тусган хэрэгжүүлж байгаа. Үүнд нийт хамт олныхоо дунд спортын таван төрлөөр жил бүр спортын наадам зохион байгуулдаг. Мөн ажлын болон хөдөлмөр хамгааллын хувцас зэрэгт үзлэг хийж шаардлага хангахгүй болсон ажлын хэрэглэгдэхүүн багаж хэрэгслийг нөхөн олгох зэргээр ажиллсагсдыг эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд ихээхэн анхааран ажиллаж байна. Манай компанийн захиргаа ч бас сүүлийн таван жилийн дотор ажлын байрны нөхцлийг сайжруулах, шаардлага хангахгүй байгаа ажлын байруудыг шинээр барьж тохижуулах, их засварт оруулах зэргээр багагүй хөрөнгө зарцуулж сайжруулж байгаад ажиллагсдын төлөөлөл бид баяртай байдаг.
 
-Зуны улирал ид дундаа явж байна. Танайх чинь жил бүр ажиллагсдаа аялуулж зугаалуулах ажлыг зохион байгуулдаг байсан. Энэ жилийн хувьд түүхт ойнууд тохоож байгаа юм байна?
 
-Хамтын гэрээнд заасны дагуу жил бүр л энэ ажлыг зохион байгуулдаг. Өмнөх жилүүдийн хувьд бид ОХУ-ын Байгаль нуурын чиглэлд салбар хэсэг, нэгжүүдээсээ ажил үйлсээрээ шалгарсан 25-30 хүний бүрэлдэхүүнтэй аялал зохион байгуулж ирсэн. Харин энэ жилийн хамтын гэрээнд БНХАУ-ын аялал жуулчлалын бүс Манжуур хотод аялуулахаар тусгагдсан. Энэ аяллыг ирэх наймдугаар сард мөн л 25-30 хүний бүрэлдэхүүнтэй аяллын баг зохион байгуулахаар бэлтгэж байна. Ер энэ ажил манай хамт олны дунд тогтмолжиж хэвшсэн ажил болсон л доо. Өнгөрсөн жил бид бас ахмадуудаа Архагай аймгийн байгалын үзэсгэлэнт газруудаар аялах 45 хүний бүрэлдэхүүнтэй ахмадын аяллыг зохион байгуулсан. Энэ жил ахмадууд маань Манжуурын чиглэлд аялуулж өгөөч гэсэн хүсэлт ирүүлсэн. Үүнийг бид оны төгсгөлд анхаарч үзнэ учир нь энэ чиглэл нь оны төсөв төлөвлөгөөнд тусгагдаагүй болохоор хараахан бүрэн шийдвэрлэгдээгүй байгаа. Ер нь ажил олгогч ажилчдаа ая тохитой орчинд ажиллуулж ч чаддаг бас амрааж аялуулж ч чаддаг байх ёстой. Харин манай компани энэ тал дээр сайн ханддаг.
 
-Хамтын гэрээнд чинь онцлог гол зүйл юу туссан бэ? Жил бүр бас нэг онцлог зүйл тусгадаг биз?
 
- Энэ удаагийн хамтын гэрээний нэг гол онцлог нь ажиллагсдыг мэргэжүүлэх талд нь заалт оруулж өгсөн бол хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгааллыг бүх салбар хэсгүүдэд сургалт явуулах, багш шавийн гэрээ байгуулж мэргэжлийн өндөр ур чадвартай инженер техникийн хүмүүст шинээр ажилд орж байгаа залуу мэргэжилтнүүдээ дагалдуулж сургахад анхаарч байна. Тус компани нь эрчим хүчний үйлдвэрүүдээс хувьчлагдсан анханы цорын ганц компани гэдгээрээ онцлог. Хөрөнгийн хувьд 100 хувь хувьчлагдсан хувийн компани боловч явуулж байгаа үйл ажиллагаагаа Эрчим хүчний зохицуулах газраас гаргасан төлөвлөлт хуваарын дагуу ажилладаг.
 
-Хэчнээн салбар нэгж хаана хаана байрлаж үйл ажиллагаа явуулж байна вэ?
 
-Манай ДСЦТС ХК нь Дархан, Сэлэнгэ аймаг бүтнээрээ, Төв аймгийн хойд талын таван сум нийт 29 сум суурин газарт 220 гаруй мянган хүн амыг цахилгаан эрчим хүчээр ханган үйлчилж байна. Бүтцийн хувьд салбар, хэлтэс, алба, хэсэг нийт 17 нэгжтэйгээр ажиллаж байна. Хэсэг бүлэг болгонд үйлдвэрчний бүлэгтэй, бүлэг болгонд зохион байгуулагч нар ажилладаг.
 
-Ажиллагсад өөр ямар төрлийн хөнгөлөлт эдэлдэг вэ? Жаргал зовлон тохиолдох, эрүүл мэндээ хамгаалах, нийгмийн бусад тусламж дэмжлэг үзүүлэх талд?
 
-Бид жил бүр хөдөлмөр аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тухай хуулиар ажиллагсдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг. Хоолны үнийг 40 хувиарь хямдруулдаг. Мөн ахмад ажиллагдсыг эрчим хүчний системд ажилласан жилээс нь хамааруулж удаан жилийн нэмэгдэл олгодог. Тус үйлдвэрт таваас дээш жил ажилласан бүх ажиллагсдад олгодог. Энэ нь дотроо хэвийн, хэвийн бус гэж ангилдаг. Хэвийн гэдэг нь 5-10 жил ажилласанд нь 5-20 хувь, хэвийн бусд нь 20-35 хүртэлх хувийг олгодог болсон. Орон байр авахад нь туслаж хөнгөлөлттэй зээл авах боломжийг нь бүрдүүлсэн. Хүмүүсээ тогтвор суурьшилтай ажиллуулъя, шинээр ажилд орсон ажилчдаа дадлагажуулъя  гээд өнгөрсөн жил орон сууцжуулахад дэмжлэг үзүүлэх тухай журам баталсан. Энэ журамд шинээр хашаа, байшин авч байгаа ажиллагсдад 2.5 сая, орон сууц худалдаж авч байгаа бол таван сая хүртэл төгрөгийн зээл олгодог болсон.
 
-Ажиллагсдын хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах талаар ямар ажил хийсэн бэ?
 
-Өнгөрсөн онуудад бид сургалтын иж бүрэн кабинет байгуулж ажилд оруулсан. “Хэрэглэгчдэд үйлчлэх Дархан төв” гэдгийг бараг нэг тэрбум гаруй төгрөгийн өртгөөр барьж байгууллаа. Энэ нь нэг талаар хөрөнгө оруулалт болж байгаа боловч ажилчдын ажиллах нөхцлийг сайжруулж байгаа хэрэг. Тухайлбал хэрэглэгчийн төвд ажилладаг 70 гаруй ажиллагсдын ажлын нөхцөл сайжирсэн. Түүнчлэн хөдөлмөрийн нөхцлийг сайжруулж хөдөлмөр хөнгөвчлөх үүднээс бид тоолуурыг төвлөрүүлэх талаар жил бүр төлөвлөгөөтэй ажилладаг. Энэ нь нэг байцаагч 400-800 айлын бичилт хийдэг байсныг төвлөрүүлснээр 10-15 цэг дээр очоод л бичилтээ хийдэг болгосон зэргийг компаниас зохион байгуулсан нь үр дүнтэй болсон. Цаашдаа хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн талын хэлтэс алба байгуулах хүртэл арга хэмжээ авах шаардлага бий. Манай ажилчдын хөдөлмөрийн нөхцөл нь өндөр хүчдэлтэй харьцдаг эрсдэл өндөртэй байдаг болохоор онцгой заалтыг хамтын гэрээндээ тусгаад хэрэгжилтэд нь хяналт тавиад ажиллаж байна.
                                                                                                                                                        Б.Норовсамбуу
Холбоотой мэдээ