Итали археологийн үнэт олдворыг хамгаална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-03 15:00:02

РИМ. /Sputnik/. “Лалын улс” археологийн үнэт олдворуудыг хууль бусаар хил гаргаж буйг зогсоох дэд бүлгийг Итали удирдаж байгаа талаар тус улсын Гадаад хэргийн яамнаас эх сурвалж мэдээлэв.

“Лалын улс”-тай тэмцэх санхүүгийн байгууллагын бүтцэд уг дэд бүлэг багтаж байна. Тус санхүүгийн байгууллага нь Итали, Саудын Араб, АНУ тэргүүтэй олон улсын бүлэг юм.

“Тус санхүүгийн байгууллагын дор дөрвөн дэд бүлэг ажиллаж байна. Тэдгээр нь археологийн үнэт олдвор хууль бусаар хил давуулах, “Лалын улс”-ын гадны санхүүжилт, нефть хууль бусаар хил давуулах, хил дамнасан санхүүгийн ажиллагаа зэрэг болно. Итали улс бүх дэд бүлгийн гишүүн бөгөөд эхний бүлгийг удирдаж байна” гэж эх сурвалж мэдээлсэн юм.

Археологийн үнэт олдворуудыг хулгайлдаг арга, явдаг чиглэлийг олж тогтоох мэдээллийн сүлжээг Итали тэргүүтэй дэд бүлэг үүсгэнэ.

“Лалын улс”-тай тэмцэх санхүүгийн байгууллагын анхны хурал энэ оны 3 дугаар сард болсон бөгөөд 26 гишүүн орон, олон улсын байгууллагууд оролцжээ. Дараагийн хурлууд 5, 10 дугаар сард тус тус болсон байна.

Хэт давруу үзэлтнүүдийн зэвсэгт бүлэглэл “Лалын улс” нь сүүлийн жилүүдэд Сири, Ирак улсад томоохон газар нутаг эзлэн авсан юм. Тус бүлэглэл их хэмжээний  мөнгөөр дэд бүтэц, бэлтгэл зохион байгуулалтын байгууламж босгоод зогсохгүй олон түүхэн дурсгалт газрыг сүйтгээд буй билээ.

Х.Аминаа

 

 

Холбоотой мэдээ