"Сүлд" чуулгынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглолт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-07-17 11:24:16
Баянхонгор /МОНЦАМЭ/. ЦЕГ-ын Сүлд чуулга, Баянхонгор аймгийн Цагдаагийн газар хамтран энэ сарын 16-ны өдөр “Үргэлж тантай хамт” өдөрлөгийг Баянхонгор хотноо зохион байгууллаа. 
Цагдаагийн байгууллагын 96 жилийн ой, Баянхонгор аймагт Цагдаагийн газар үүсч хөгжсөний 75 жилийн ойд зориулан зохион явуулсан тус өдөрлөгийн хүрээнд аймгийн Цагдаагийн газартай хамтарч ажилладаг зарим байгууллагуудад “Талархал”-ын тоглолт хийв. Мөн аймгийн Цагдаагийн газрын тэргүүний, шилдэг алба хаагч, түүний гэр бүл, Цагдаагийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, гавъяаныхаа амралтанд гарсан ахмад настанд хүндэтгэл үзүүлэх “Таныг алдаршуулья” арга хэмжээ зохион байгуулсан нь сонин содон байв. Аймгийн Цагдаагийн газрын удирдлага, алба хаагчид, "Сүлд" чуулгынхан дээрх хүмүүсийн гэрийн гадаа очиж хүндэтгэлтэйгээр угтан хүндэтгэл үзүүлж, амьд тоглолт толилуулсан нь ард иргэдэд ойрхон, шинэлэг арга хэмжээ болсныг мөн үеэр цугласан хүмүүс ярьж байв.
Үргэлжлэн 19:00 цагаас “Үргэлж тантай хамтдаа” Сүлд чуулгын тоглолт аймгийн ХДТ-т болсон бол үдэш нь Баганат талбайд "Сартай үдшийн уянга" шоу цэнгээнийг зохион явуулж Хонгор нутгийнханд бэлэг барилаа. Аймгийн Цагдаагийн газар, ЗДТГ-тай хамтран зохион байгуулсан тус өдөрлөгт Цагдаагийн сүлд чуулгын дарга, цагдаагийн хурандаа Л.Гаваасүрэн, Монгол улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар болон дуу, бүжиг, хөгжмийнхөн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцов. 
                                                                                                                                                     Б.Мөнхзул
 
Холбоотой мэдээ