Нутгийнхаа рашааны ундаргыг сэргээн торджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-07-19 12:11:13
Дундговь/МОНЦАМЭ/ Хулд сумын Бүлээн багийн малчид нутгийнхаа нэгэн рашааныг лайдаж, цэвэрлэн, хашиж хамгаалах ажлыг хамтран хийжээ. Үүнд зарцуулах хөрөнгийг  сумын Засаг дарга нөөцөөсөө гаргаж тусласан байна.
Энэ рашааныг Тугалын бүлээн хэмээн нэрийддэг. Дундговь аймгийн нутаг дэвсгэрт ундардаг Хадан ус, Бөөлжих, Исгэлэн, Үүдийн булаг, Олгой, Тогоо, Хайрханы гээд хэд хэдэн рашаан бий бөгөөд эдгээр нь элэг, цөс, ходоод, дотрын эмгэг анагаах ач тустай хэмээн нутгийн ард иргэд хэдийнээс нааш хэрэглэж заншсан байдаг. Эдгээрийн нэг нь Тугалын бүлээн рашаан юм. Энэ рашааныг 1994 оны Засгийн газрын хуралдаанаар баталсан “Монгол Улсад рашаан сувилал хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”- ийн хавсралтаар сум орон нутагт ашиглах рашааны жагсаалтад багтаасан байдаг. Хулд сумын тусгай хамгаалалтад ч  эл рашаан орсон  байна.
Тугалын бүлээн рашаан Хулд сумын төвөөс гуч гаруй км- т оршдог. Хол, ойроос зоригсод олон,  секунд тутамд нэг литр орчим ундардаг, ундарга сайтай рашаан ажээ. Сүүлийн үед малны хөлөөр ундарга нь татарсан тул нутгийн иргэд рашааныг сэргээн хамгаалах талаар хүсэлт тавьснаар сумын Засаг дарга 300 гаруй мянган төгрөг өгч, ийнхүү рашааныг хашаажуулж, ундаргыг сэргээн тордсон байна.
 
Т. Отгонтуяа
Холбоотой мэдээ