“София” ажиллагааны хугацааг 2018 оны эцэс хүртэл сунгалаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БРЮССЕЛЬ./КАЗИНФОРМ/. Газрын Дундад тэнгисээр дамжин хууль бусаар цагаачлах явдалтай тэмцэхэд чиглэсэн Европын Холбооны “София” гэдэг тэнгисийн цэргийн ажиллагааны хугацааг 2018 оны 12 дугаар сарын 31-ныг хүртэл сунгалаа гэж Европын Холбооны /ЕХ/ зөвлөл мягмар гарагт мэдэгдлээ.
Уг ажилллагаа нь хоёр "дэд зорилготой" аж. Үүнд, Ливийн эргийн хамгаалалт, тэнгисийн цэргийн флотыг албан хаагчдыг сургаж бэлтгэх, Ливийн эрэгт зэвсэг нийлүүлэхэд тавьсан НҮБ-ын хоригийг хэрэгжүүлэх явдал багтаж байна.
Үүний зэрэгцээ Ливийн эргийн хамгаалалтын албан хаагчдыг бэлтгэх ажлыг хэн явуулж байгаад хяналт шинжилгээ /мониторинг/ хийх механизмыг бий болгохоор шийдвэрлэжээ.
Түүнчлэн НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн тогтоолын дагуу Ливиэс газрын тос хууль бусаар авч, цааш нь худалдаалж буй талаарх мэдээллийг цуглуулах, хүний наймааны талаарх мэдээллийг ЕХ-ны гишүүн орнуудын хууль сахиулах байгууллагууд, Европын Frontex, Europol агентлагуудын хооронд солилцох ажлыг өргөжүүлэх аж.
Дашрамд дурдахад, “София” ажиллагаа нь 2015 оны 6 дугаар сарын 22-нд ЕХ-ны цогц арга хэмжээний хүрээнд эхэлсэн бөгөөд Газрын Дундад тэнгисийн төв хэсгээр /Ливиэс Итали болон Мальт руу/ дамждаг хууль бус цагаачлалыг бууруулах зорилготой юм.
Өнгөрсөн хугацаанд хууль бус наймаачид, хүний наймаачид болох 110 этгээдийг баривчлан Италийн эрх баригчдад шилжүүлэн өгч, 470 хөлөг онгоцыг саатуулжээ. Түүнчлэн Газрын Дундад тэнгист 40 000 орчим хүнийг аврахад тусалсан байна.
О.Барс