Цоохор ирвэсийн амьдрах орчныг хамгаалах дээд хэмжээний уулзалт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2017-07-27 16:07:28
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхий сайдын бие төлөөлөгч Джусупов Улан Калыгулович, Дэлхийн цоохор ирвэс хамгаалах хөтөлбөрийн зөвлөх Чынгыз Кочоров,  Киргизийн НҮБ Хөгжлийн хөтөлбөрийн  ажилтан Даниар Ибрагимов нарыг хүлээн  авч уулзлаа.
 
Ирэх сарын 24-25-нд Киргизийн Бишкек хотод Цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах дээд хэмжээний уулзалт болно. Энэхүү уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нарыг урьсныг дэд сайдад гардууллаа. Уулзалтад ОХУ, Пакистан, Афганистан, Бутан, Казахстан, Монгол, Нипал, БНХАУ, Энэтхэг, Тажикстан, Узбекстан зэрэг 12 улсын өндөр дээд хэмжээний төлөөлөгч нар оролцох юм.
 
БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр Киргиз улсын Засгийн газар нэн ховор цоохор ирвэсийг хамгаалах чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа талархал илэрхийлээд, "Цоохор ирвэсийг хамгаалах чиглэлд Монгол Улс тууштай ажиллаж байгаа. Цоохор ирвэс, түүний амьдрах орчныг 2020 он хүртэл хамгаалах дэлхийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монгол Улс хамтран ажиллахад бэлэн байна. Тиймээс энэхүү уулзалтад Монголын төлөөлөгчид оролцох болно" гэлээ.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ