Улсын начин Б.Серик нутагтаа ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-07-31 19:46:03
Баян-Өлгий /МОНЦАМЭ/.  Хүннү гүрэн байгуулагдсаны 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулсан хүчит бөхийн барилдаанд 5 давж улсын начин цол хүртсэн тус аймгийн Улаанхус сумын харьяат, "Таван богдын бүргэдүүд" дэвжээ, ШШГЕГ-ын харьяа «Сүлд» спорт хорооны бөх Бердимуратын Серик өнөөдөр нутагтаа ирлээ.

Түүний аймгийн Засаг дарга болон начны цолыг мялаах наадмыг зохион байгуулах ажлын хэсэг, бөхчүүд Толбо нуурын эргээс угтан авсан бол иргэд хөдөлмөрчид төв талбайд цугларч хүндэтгэл үзүүллээ.

Аймгийн Засаг даргын захирамжаар улсын начин Б.Серикийн цолыг мялаах наадмыг ирэх сарын 12–ны өдөр аймгийн төвд зохион байгуулахаар болсон бөгөөд ажлын хэсэг гарч, бэлтгэл ажлууд явагдаж байна.
Монголын казах иргэдийн дундаас 35 жилийн дараа төрсөн залуу начны цолыг мялаах наадмаар яруу найргийн уралдаан, урлагийн тоглолт, соёолон, их насны морьдын уралдаан, хүчит бөхийн барилдаан болон бусад урлаг, соёлын арга хэмжээнүүд зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байгаа ажээ.

Монгол Улсын хамгийн залуу улсын начнаар тодроод буй Бердимуратын Серикийн талаарх зарим мэдээллүүдийг уншигчдын сонорт хүргэвэл:
  • 1994 онд Улаанхус сумд айлын отгон хүү болж мэндэлжээ. Түүний аав Е.Бердимурат хувиараа бизнес эрхэлдэг, ээж Ж.Гүлдана нь барилгын технологич мэргэжилтэй.
  • 2007 оноос барилдаж эхэлсэн бөгөөд 2010 онд Төв аймгийн Эрдэнэ сумын наадамд түрүүлж сумын заан цол хүртсэн. 2011 онд Баян-Өлгий аймгийн аймгийн баяр наадмаар 7 давж, үзүүр түрүүнд сумын заан М.Еркебуланд /өнөөдөр аймгийн арслан/ өвдөг шороодон аймгийн заан цол,  2013 онд мөн аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртжээ.
  • 2010 онд жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 81 кг жинд, 2011 онд С.Жамьяанхорлоо агсны нэрэмжит жүдо бөхөөр олон хотын аварга шалгаруулах тэмцээнд +73 кг жинд, 2011 онд Д.Баттулгын нэрэмжит жүдо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд 90 кг жинд, 2012, 2013  онуудад залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд -100 кг жинд, 2013 онд “Borjin cup” тэмцээнд -100 кг жинд, 2014 онд Арвайхээр хотод зохион байгуулагдсан жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд -100 кг жинд;
  • 2011, 2013, 2014 онуудад самбо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 81, +100 кг жинд, 2015 онд ОУХМ Н.Мөнхөөгийн нэрэмжит самбо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд -90 кг жинд;
  • 2012 онд Гонгхонг улсад зохион байгуулагдсан сонирхогчдын сумогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд -100 кг жинд тус тус түрүүлж аваргын алтан медаль зүүж байжээ.
  • 2017 оны улсын наадмаар 5 давж шөвгөрөн улсын начин цол хүртэж, улсын заан Т.Абдигажы, улсын харцага О.Бахыт, улсын начин Б.Хожагапан, Д.Мөнхбүрэн, Д.Ожоон, Т.Нурхадыл, Б.Баатарцол нарын дараа тус аймгаас төрсөн 8 дахь улсын цолтой бөхөөр тодроод байна. 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ