Румыны иргэд жагсаж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБУХАРЕСТ. /Reuters/. Цэнгээний газарт гарсан галд амиа алдагчдын тоо 32 хүрч, Румыны нийслэл Бухарест хотод иргэд мянга мянгаараа жагсаал хийж байна. Тэд Засгийн газраа огцрохыг шаардаж буй юм.
Үйлчилгээний газрын зөвшөөрлийг холбогдох удирдлагууд хялбархан өгч, хяналт шалгалтаа хангалтгүй хийж байсанд уурссан иргэд шөнөөр ч олноороо гудамжинд гарцгааж байв. Хэдэн арван жил тус улсад гараагүй ноцтой хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан юм.
Бухарест хотын Засгийн газрын төв байр, Дотоод хэргийн яамны байр луу 20 мянга гаруй иргэд эсэргүүцлийн жагсаал хийсэн байна. Түүнчлэн Брашов, Плоешти хотод ч эсэргүүцэгчид жагсчээ. Ирэх өдрүүдэд Румын даяар болох өргөн жагсаал болохыг “Facebook”-т зарлаж байна.
Бухарест хотод Ерөнхий сайд Виктор Понта, түүний орлогч Габриэль Опря болон галд шатсан “Колектив” цэнгээний газрын байрладаг дүүргийн захирагч нарыг огцрохыг жагсагчид шаардаж байв.
Цусны төвд донорууд дүүрч, түлэгдсэн хүмүүс, тэдний гэр бүл болон эмнэлгийн ажилтнуудад сайн дурынхан хоол хүнс зөөсөн байна.
Үйлчилгээний газрын аюулгүй байдлыг сайтар хангах, нэвтрэх хараа хяналтыг чангатгах, зөвшөөрөлгүй газрын хаалгыг барих нэмэлт заалтыг тус улсын Засгийн газар хуулинд оруулсан бөгөөд Онцгой байдлын газрын удирдлагууд шууд хэрэгжүүлж эхэлнэ.
Х.Аминаа