Гурвансайхан сумын нутагт шүлхий өвчний улмаас хорио цээрийн дэглэм тогтоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-08-03 13:47:24
Дундговь/МОНЦАМЭ/ Гурвансайхан сумын Дэрсэнэ Ус багийн нутаг Цагаан хошуу хэмээх газарт малын гоц халдварт шүлхий өвчин гарч, сумын Засаг даргын захирамжаар өнөө өглөөнөөс эхлэн хорио цээрийн дэглэм тогтоолоо.
Малчин Б өөрийн гурван үхэрт шүлхий өвчнийх байж болзошгүй шинж тэмдэг илэрснийг аймгийн мал эмнэлэгийн лаборторит мэдэгдсэн байна. Энэ дагуу  мал эмнэлэгийн лабортори үхрээс дээж авч МЭАЦ- ийн төв лаборторит явуулаад байсан бөгөөд шинжилгээний хариу өнөө өглөө гарч, шүлхий өвчин мөн болохыг тогтоожээ. 
Хорио цээрийн дэглэмийн голомтын бүсийг 5 км- ийн радиустай тогтоосон бөгөөд энэ бүсэд 6 айлын 4540 гаруй мал багтаж байна. Нийт 15 үхэр байгаа бөгөөд энэ нь малчин Б- гийнх ажээ.  
Хорио цээрийн дэглэмийг тогтоосон даруйд сумын онцгой комисс нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй 4 хэсэг хөдөлгөөнт постыг ажиллуулж эхэллээ. Одоогийн байдлаар голомтын бүсэд  3 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж, энэ бүсэд хамаарч байгаа айлуудын мал сүрэгт үзлэг хийж байна.
Одоо 14 цагт аймгийн Онцгой комисс хуралдана. Үүний дараа аймгийн мал эмнэлэг, онцгой байдлын хэлтэс, онцгой комиссын хамтарсан ажлын хэсэг хорио цээрийн дэглэмийн бүсэд ажиллаж, өвчилсөн гурван үхрийг тусгай зааварчилгааны дагуу устгах арга хэмжээ авах юм.
Шүлхий нь өвчтэй, халдвар авсан мал амьтнаас шүлхийд мэдрэг мал амьтанд шууд хавьтлын замаар болон шүлхийн вирусээр бохирдлогдсон зүйлээр дамжин тархдаг. Өвчний голомтод ойр байсан мал, амьтанд амьсгалын замаар халдаж болдог. Чийглэг, бүрхэг, хүйтэн цаг агаартай үед алс хол салхиар зөөгдөн халдварлах боломжтой,  салаа туурайт  мал амьтныг өвчлүүлж, богино хугацаанд тархах аюултай гоц халдварт өвчин ажээ.
Хорио цээрийн дэглэм тогтоосон Цагаан хошуу хэмээх газар нь Гурвансайхан сумын төвөөс 20 шахам км- т оршдог бөгөөд энд хорио цээрийн дэглэм 28 хоногийн турш үргэлжилнэ.
 
Т. Отгонтуяа
Холбоотой мэдээ