Германы эрдэмтэд эртний хоёр соёл иргэншлийн гарал үүслийн нууцыг нээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-08-04 11:00:28
БЕРЛИН./TASS/. Эртний Грекүүдийн өвөг Эгейн хойгт дорнын нутгаас ирж суурьшсан болохыг Германы Макс Планкагийн нэрэмжит Хүн, нийгмийн түүхийн судалгааны хүрээлэнгийн судлаачид тогтоожээ. Энэ тухай Австрийн “Wiener Zeitung” сонинд мэдээлжээ.

Тодруулан хэлбэл, энд Микен, Миной-н соёл иргэншлийн тухай яригдаж байгаа юм. Микенчүүд МЭӨ 1700-аас 1100 онд орчин үеийн Грекийн эх газрын хэсэг мөн орчин үеийн Туркийн нутаг дэвсгэр дээр амьдарч байжээ.
Микенчүүдийн нийгэм тэр үед зэргэлдээ амьдарч байсан Крит арлын Минойчуудтай зэрэгцэн хөгжиж байжээ /МЭӨ 2600-1100 он/.

Эрдэмтдийн баг энэ хоёр ард түмний дөрөвний гурав нь Эгейн тэнгисийн эрэгт амьдардаг байсан анхны оршин суугчдаас гаралтай болохыг тогтоож чаджээ. Мөн Микенчүүдийн дотор Микен хэл үүссэн байж болзошгүй Евразаас гаралтай өвөг дээдэс байгааг эрдэмтэд олж илрүүлжээ.

“Минойчууд, Микенчүүдийн ихэнх нь тэр үед дээрх бүс нутагт суурьшсан чулуун зэвсгийн үеийн газар тариалан эрхлэгчдээс гарал үүсэлтэй байгаа нь бидний хувьд их сонирхолтой байгаа юм. Тэгэхээр, хүрэл зуун хүртэл энд гадны хүчтэй нөлөөлөл орж ирээгүй гэсэн үг юм” хэмээн археогенетикийн салбарын мэргэжилтэн, судалгааг зохион байгуулагч эрдэмтэн Алиса Митник дүгнэн хэлжээ.

Үүнээс өмнө дээрх хоёр соёл иргэншлийн үүсэл гарлын талаар хэд хэдэн таамгийг дэвшүүлж байсан юм. Минойчууд бичиг үсэгтээ хоёр шрифт ашигладаг байсан ба эхнийх нь египтчүүдийн нөлөөн дор зохиогдсон ханз үсгэн дээр үндэслэгдсэн бичиг үсэг байдаг байна. Ойрхи Дорнодод үүссэн байж болзошгүй шугаман захидал Минойчуудад түгээмэл  байдаг байжээ. Өнөө болтол дээрх хоёрын бичиг үсгийн нэгийг нь ч тайлж уншиж чадаагүй байгаа юм.

Харин Микенчүүдийн хувьд байдал огт өөр байгаа юм. Микенчүүдийн бичиг үсгийг тайлж уншсан төдийгүй уг бичиг үсэг Грек хэлний эртний нэг төрөл гэдэг нь тогтоогджээ. Эдгээр баримт мэдээлэл дээр үндэслэн Ойрхи Дорнод, Хойд африк гаралтай Минойчууд Критэд ирэн суурьшиж, тэндээ өөрийн соёлоо бий болгосон гэсэн таамгийг дэвшүүлжээ.
О.Барс 
Холбоотой мэдээ