Х.Роухани: АНУ цөмийн хэлэлцээрийг зөрчиж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-08-07 10:01:41
ТЕГЕРАН. /IRNA/. Тавдугаар сард болсон сонгуулиар улиран сонгогдож, саяхан тангараг өргөсөн Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани АНУ-д анхааруулга өглөө.

Тэрбээр өчигдөр мэдэгдэл хийхдээ “Иран болон дэлхийн зургаан гүрний хооронд байгуулсан 2015 оны цөмийн хэлэлцээрийг Вашингтон дагаж мөрдөхгүй байна” гэв.

Тегераны эсрэг авсан хориг арга хэмжээг дэлхийн улс орнууд цуцалсны хариуд Иран цөмийн хөтөлбөрөө хязгаарлах болзол бүхий уг хэлэлцээрийн хэрэгжилтийг Х.Роуханигийн засаг захиргаа авч хэлэлцжээ.

Иран цөмийн хөтөлбөрөө улам боловсронгуй болгосоор байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа үзэн Тегераны эсрэг шинээр хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан Х.Роухани мэдэгдэл хийхдээ “Иран эхлээд энэ хэлэлцээрээс гарахгүй. Хэрвээ АНУ хэлсэн амнаасаа буцаж, хэлэлцээрээс гарвал манай улс ч мөн тэгнэ” гэжээ.

Өнгөрөгч бямба гарагт болсон түүний тангараг өргөх ёслолд 90 улсын өндөр дээд албан тушаалтнууд, тэдний дотор Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдал хариуцсан дээд төлөөлөгч Федерика Могерини, Умард Солонгосын парламентын дарга болон Орос ба Иракийн төлөөлөгчид оролцсон байна.

Г.Доржханд
Холбоотой мэдээ