800 шахам өрхийн 290.5 мянган толгой мал оторлохоор байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-04 22:24:11

Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд, Засаг дарга Д.Тогтохсүрэн нар сэтгүүлчдэд ээлжит мэдээллээ өглөө. Тэд өнгөрсөн сард хийж хэрэгжүүлсэн ажлын мэдээллийг өгч, 11 сард зохион байгуулах ажлыг танилцуулсан юм.

Өнгөрсөн 10 сард аймгийн ИТХ-аас ОНХС-ийн хөрөнгө оруулалтын ажлын явц, “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлын явц, уул уурхайн нөхөн сэргээлт, автозамын сангийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлын явц, 2015 онд хийж хэрэгжүүлэхээр аймгийн ИТХ-аас баталсан тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн үр дүнг хянаж шалгахаар дөрвөн ажлын хэсэг байгуулагдаж сумдад очиж ажилласан байна. ИТХ-ын дарга Г.Ганболд хэлэхдээ улсын болон орон нутгийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлууд, түүний дотор автозамын  ажил урд жилүүдтэй харьцуулахад хавьгүй ахиц гарч, чанартай болсон гэдгийг онцоллоо. Авто зам тавих ажлыг тендер зарласан цагаас нь эхлээд ашиглалтад хүлээлгэж өгөх хүртэл хугацаанд  байнгын хяналт тавьж ажилласны үр дүнд ийн чанартай болсон гэж тэрээр хэлэв.

Мөн уул уурхайн асуудал хүнд хэвээр байгааг дуулгаж, алт олборлогч аж ахуйн нэгжүүдээр нөхөн сэргээлт хийлгэхийн зэрэгцээ орон нутгийн хөрөнгөөр жилд 25-30 га талбайд нөхөн сэргээлт хийлгэж байгаа, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө зарцуулалтад иргэний хяналтыг тавьж ажиллуулснаар харьцангүй  үр дүнтэй болсон, Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгч, албан тушаалтны буруугаас болж хууль хэрэгжээгүй тохиолдолд хариуцлага тооцож ажиллах үүрэг даалгавар өгсөн зэрэг мэдээллийг ИТХ-ын дарга өглөө.

Харин аймгийн Засаг даргын зүгээс цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийсэн юм. Одоогоор Өвөрхангай аймгийн хэмжээнд 9244 хот айлд 4.5 сая толгой мал өвөлжихөөс Булган, Төв, Архангай аймгийн нутагт 158 өрхийн 98.0 мянган мал, өөрийн аймгийн сум хооронд 792 өрхийн 290.5 мянган толгой мал оторлох дүнтэй байна. Засгийн газрын тогтоолоор бэлтгэх ёстой өвс тэжээлийн 88 хувийг бэлтгээд байгаа бол газар тариалангийн салбарт тавьсан зорилтоо биелүүлж хангалттай хэмжээний ургац хурааж авсныг онцоллоо.

Аймгийн хэмжээнд 2015 онд 18.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн ба үүнээс Барилга, хот байгуулалтын салбарт 12.8 тэрбум, автозамын салбарт 4.2 тэрбум төгрөг, эрчим хүчний салбарт 690.6 сая төгрөг, их засварын ажлуудад 503.0 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийгдэж, бүтээн байгууллтын 95 хувь нь ашиглалтад оржээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй Уянга сумын Соёлын төв, Арвайхээр сумын 928 хүүхдийн сургууль, Хархорин сумын Спортын ордон гэсэн гурван барилгын ажил он дамжихаар үлдээд байгаа аж. Саяхан Уянга сумын Жаргалант багт 10 ортой эмнэлэг ашиглалтад орсон бол Бүрд сумын эмнэлэг 11 дүгээр сарын 5-ны өдөр, БОЭТ-ийн Халдвартын эмнэлэг энэ сардаа багтан ашиглалтад орох юм.

11 сар нь хийсэн ажлаа тайлагнах, ирэх оны ажлыг төлөвлөх сар байх болно хэмээн аймгийн удирдлагууд хэллээ. Энэ үеэр сэтгүүлчид сонирхсон асуултандаа хариулт авсан бөгөөд сэтгүүлчдийг асуудал хөндөн сурвалжлах үеэр төрийн албаны дарга, эрх мэдэлтнүүдийн зүгээс дарамтлах, хэл амаар доромжлох, бэлтгэсэн мэдээ нийтлэлийг олон нийтэд хүргэхгүй байхыг хүсэх зэргээр шахалт үзүүлдэг болохыг хэлж, Засаг даргын зүгээс хэлтэс, агентлагийн дарга нарт анхааруулна гэж амлалаа.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ