Увс аймаг Халимаг улстай соёл, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-08-08 16:10:43
Увс /МОНЦАМЭ/. ОХУ-ын Халимаг улсын Соёл, аялал, жуулчлалын сайд Эльбиков Хонгор Бадмаевич тэргүүтэй төлөөлөгчдийг Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан өчигдөр хүлээн авч уулзлаа.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Халимаг улсын “Тюльпан” найман хүний бүрэлдэхүүнтэй бүжгийн хамтлаг, “Ойрад түмэн” ТББ-ын Халимаг Улс дахь салбарын тэргүүн нар багтсан байв. Тэд “Ойрад түмэн-2017” олон улсын язгуур урлагийн их наадамд оролцохоор хүрэлцэн иржээ. Төлөөлөгчид Ойрад түмний “Язгуур урлагийн их наадам”-ын зохион байгуулалтын ажилтай танилцах, Баруун Монгол тэр дундаа Увс аймагт ардын язгуур өв соёл, зан заншил, үндэсний хэл аялгуу, ахуй соёл хэрхэн хадгалагдан үлдсэнийг судлах, улмаар 2018 онд ОХУ-ын Халимаг улсад Ойрад түмний “Язгуур урлагийн их наадам”-ыг олон улсын түвшинд хэрхэн зохион байгуулах талаар туршлага судлахыг зорьжээ.

Энэхүү айлчлалын үеэр Халимаг улс ба Увс аймгийн хооронд соёл, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах аялал, жуулчлалын маршрутыг боловсруулах талаар санал солилцож, Халимаг улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханд албан ёсоор гардуулсан юм. Тус наадмыг Увс аймгийн Түргэн сумын нутаг дахь “Хиргэний Оршин тогтнохуй” жуулчны баазад энэ сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгуулсан юм.
Б.Замбал
Холбоотой мэдээ