Г.Шийлэгдамбыг авлига авах хүн биш гэв
МОНГОЛЫН МЭДЭЭМАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг өнгөрсөн шөнө АТГ-аас баривчилсантай холбогдуулж, МАХН-ын удирдлагууд намын байрандаа мэдээлэл хийв.
Хэвлэлийн бага хуралд МАХН-ын Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян, Ц.Шаравдорж нар оролцов. Э.Эрдэнэжамъян, “Юуны түрүүнд албан ёсоор мэдэгдэхэд өчигдрийн баривчилгаа МАХН-ын удирдлагуудын эсрэг хийж буй хэлмэгдүүлэлтийн дараагийн үе шат. Энэ нь эрт орой, хэзээ нэгэн цагт МАХН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд, удирдлагууд руу чиглэсэн бай байсан. Хэзээ вэ, хэн бэ гэдэг асуулт л байсан. МАХН-ын нэр хүнд сэргэж, үйл ажиллагаа нь идэвхжиж байгаатай холбоотой бидний үйл ажиллагааг сааруулах, айлгах зорилготой арга хэмжээнийх нь нэг энэ. МАХН иймэрхүү хэлмэгдүүлэлтийг үзсээр ирсэн. Ийм хэлмэгдүүлэлтээс бид айхгүй” гэв.
МАХН-ын Нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж “Монгол оронд өнөөдөр нийтийг хамарсан мөрдөлт, хэлмэгдүүлэлт, тагнах чагнах ажиллагаа ердийн үзэгдэл боллоо. 1937 оны аймшигт хэлмэгдүүлэлтийг бид түгшүүртэйгээр ярьдаг. Тэр хэлмэгдүүлэлтийг давтахгүй юмсан гэдэг. Гэтэл монгол түмнийхээ төлөө, шударга үнэнээр дуугарсан улстөрчдийг нийтийг хамарсан байдлаар барьж байгаа нь харамсалтай. Шүүх, цагдаа, прокурор, АТГ Монгол Улсын иргэдийг хэлмэгдүүлдэг, бодлогын арга хэрэгсэл болж хувирсан нь аймшигтай. Бас гутамшигтай байна” гэлээ.
Мөн Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян "З.Баянсэлэнгэ сайд ажлаа хийж байгаа. Түүнийг байцаасан, эсвэл барьж хорихыг завдсан талаар мэдээлэл алга. Би дахин байр сууриа тодорхой илэрхийлэхэд Г.Шийлэгдамба сайд авлига авах хүн биш гэж бодож байна. Бид намын нөхөртөө итгэнэ. Өнөөдрөөс өмгөөлөгч авахаар хөөцөлдөж байна. Харамсалтай нь өмгөөлөгч ч олдоход хэцүү болсон байна. Өмгөөлөгч нарыг байцаадаг, айлгадаг, сүрдүүлдэг болсон байна" гэв.
Б.Туул